“Хүүг чинь алсан алуурчин эмнэлэгт хөзөр тоглоод, инээгээд сууж байна”


Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай хүүг 26 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн гэх этгээдийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандангийн шийдвэрээр нэгдүгээр сарын 25-ны өдөр батлан даалтад гаргасанд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс хохирогчийн ээж Т.Дамдинсүрэнтэй энэ талаар ярилцлаа.

-УТАС ЗАРНА ГЭЖ ЯРИХЫГ НЬ СОНСООД, “АХ НЬ АВЪЯ” ГЭЭД 
ДАГУУЛААД ГАРСАН БАЙСАН-

-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Хүүгээ нас барсныг хэзээ анх мэдсэн бэ?

-2015 оны 11 сарын 28-ны орой цагдаагаас утасдаж, “Таны хүү хүнд хутгалуулаад, нас барсан байна” гэж хэлсэн. Задлан шинжилгээнд оруулаад, зургаа хоногийн дараа оршуулах ажил явдал болсон. Энэ хооронд хүүг минь алсан алуурчин ГССҮТ-д хэвтсэн байсан.

-Хэрэг үйлдчихээд эмнэлэгт хэвтсэн байсан юм уу?

-Тийм ээ. Хэрэг болсон өдөр миний хүүг машиндаа алчихаад, гудамжинд гаргаж хаяад, тэр машинаа унаад явж байхад нь замын цагдаа зогсоосон байсан. Тэр цагдаагийн хэлснээр өөрөө бөөн цус болчихсон “Намайг авраарай, хүн намайг хутгалчихсан. Би бас тэр хүнийг хутгалсан. Намайг нэгдүгээр эмнэлэгт хүргээд өгөөч” гэж хэлсэн гэсэн. Цагдаа тэрнийг ГССҮТ-д хүргэж очиход нүүрээ зүссэн, хоолойных нь тэнд хутганы мөр байсан гэсэн. Тэгээд ах нь гэх Мөнхбаяр гэдэг эмч тосч аваад, машины осолд орсон гээд Хавсарсан гэмтлийн тасагт хэвтүүлсэн байсан. Хүн надад ирээд “Хүүг чинь алсан алуурчин эмнэлэгт хөзөр тоглоод, инээгээд сууж байна” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход гэмтлийн цагдаа нар хүн алсан хүн эмнэлэгт нь хэвтэж байгааг мэдээгүй байсан. Хүүгийн ажил явдал дууссан болохоор би заргалдаж явж байж хориулах болсон.

-Тэр хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан уу?

-Огт танихгүй. Хүү маань гар утас зарна гэж байсан. Хүнсний дэлгүүрт байхдаа утас хямдхан зарна гэж хүнтэй ярихыг нь сонсоод, тэр залуу “Ах нь авъя” гээд дагуулаад гарсан гэсэн. Цаг хугацааг нь бодвол өдөржин хамт явсан шиг байгаа юм. Тэгээд тэр орой нь юунаас болж, яагаад хүүг маань алах болсон юм мэдэхгүй. Үхсэн хүн үг хэлэх биш гээд миний хүүг буруутан болгох вий, тэр алуурчин гэм зэмгүй үлдэх вий гэхээс айж байна.

-Талийгч нас барах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Ёстой үгүй. Миний хүү чинь 19-хөн настай, архи дарс хэзээ ч хэрэглэж үзээгүй, даруу төлөв, жижигхэн сайн хүү байсан. Тэр алуурчин бас архи хэрэглээгүй байсан гэсэн.

-Хэрэгтэнийг хэзээнээс хорьсон юм бэ?

-Намайг хэл ам хийж очсон өдөр шөнийн хоёр цагт эмнэлгээсээ оргосон байсан. Цагдаа нар 12 дугаар сарын 23-нд баривчлах гээд очсон эмнэлэгтээ байгаагүй. Эмнэлгийн камерыг шалгахад эгч нь гэж хүн хувцас хунарыг нь авч ирээд, оргуулаад явсан байсан. Тэгээд мөрдөн байцаагч нь хайж байгаад оргосных нь маргааш орой баривчлаад, хорих 461-р анги руу ачсан.

-АЛУУРЧИНД ЭНГИЙН ХҮМҮҮСИЙН ДУНД ИНЭЭГЭЭД ЯВАХЫГ 
ЗӨВШӨӨРЧИХЛӨӨ. БИ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА-

-Хорихын эмнэлэгт байсан гэсэн. Үнэн үү?

-Тийм. Тэр хүн эмнэлгийн байгууллагуудад маш их танил талтай юм байна лээ. Хүн алчихаад, өөрөө эмнэлгээр яваад байгаа. Шоронд очоод хүртэл шинжээч эмчээр хүнд зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргуулаад, хорихын эмнэлэгт хэвтсэн байсан.

-Шинжээч эмчийн дүгнэлт юу гэж гарсан бол?

-Шинжээчид үзүүлээгүй хүн шүү дээ. Зүгээр л ГССҮТ-д очиход нь хүлээн авахын эмчийн тэмдэглэлийг үндэслээд л хүнд зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргуулаад авчихсан байсан. Тэр алуурчныг ямар ч шүүх шинжилгээний эмч үзээгүй.

-Сэжигтнийг батлан даалтад гаргасан байна?

-Мэдээж бухимдалгүй яах вэ. Хүн алсан хүнийг улсын эмнэлэгт арав хоног хэвтүүлээд, шоронд хорих гэхээр шоронгийн эмнэлэгт очоод хэвтчихдэг. Шүүх шинжилгээний эмчид үзүүлээгүй хирнээ хүнд гэмтэлтэй, биеийн байдал муу гэж дүгнэлт гаргуулаад, наранд гарчихлаа шүү дээ. Тэр шоронгийн эмнэлгээс гарахад нь би очсон байсан. Эв эрүүл, сав саруул гүйгээд явж байхыг нь харсан. Хууль гэж байдаг бол хүн алсан нь үнэн байхад энэ хүнийг шоронд нь хориод, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна.

-Ерөнхий шүүгчийн шийдвэрээр батлан даалтад гаргадаг байх аа?

-Ер нь тийм юм байна лээ. Хуулиараа бол ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргадаг гэсэн. Гэхдээ миний эсэргүүцээд байгаа гол учир нь өмнө нь хүн алчихаад, хэргийн газраас зугтсан, дараа нь баривчлах гээд очиход эмнэлгээс оргон зайлсан гээд хоёр удаа зугтсан хүнийг батлан даалтад гаргаж болохгүй. Дахиад зугтахыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд сэжигтний ар гэрээс тантай ирж уулзсан уу?

-Нэг ч удаа уулзаагүй. Хүүгийн ажил явдал болоход ч ирээгүй.

-Сэжигтэн өмгөөлөгч авсан гэсэн. Та энэ хэрэгт өмгөөлөгч авсан уу?

-Харин тийм гэсэн. Танил тал, холбоо сүлбээ ихтэй хүмүүс байна лээ. 20 гаруй сая төгрөгөөр өмгөөлөгч хөлслөөд явж байгаа гэж дуулсан. Бид хүнээ алуулчихсан, алсан хүн нь тодорхой байхад хуулийн байгууллага үнэн зөв шийднэ гэж найдаж байсан. Гэтэл хоёр ч удаа оргон зайлсан алуурчинг суллаад, энгийн хүмүүсийн дунд инээгээд явахыг зөвшөөрчихлөө. Тиймээс эргэлзэж эхэлж байна. Тиймээс өнөөдрөөс өмгөөлөгч авч байгаа.

Эх сурвалж Мэдээ.мн