Эртний эдлэл хууль бусаар хил давуулдаг эгч дүүсийг баривчилжээ


Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр гаргахыг завдсан хэрэгтнүүдийг тагнуулын байгууллагын ажилтнууд өчигдөр баривчилжээ. Гэмт этгээдүүд Б, Г гэх эгч дүүс байсан бөгөөд өчигдөр Замын-Үүдийн боомтоор үнэт эдлэлийг  БНХАУ руу гаргахыг оролдсон байна. Тэднийг баривчлах үед 27 ширхэг эртний үнэт эдлэл олдсон аж.  

 

Эгч дүүс эх орныхоо түүх, соёлын үнэт зүйлсийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил давуулж их хэмжээний ашиг олдог байсан бололтой.  Шалгалтын явцад тэд хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Замын-Үүд рүү илгээмж явуулсныг тогтоожээ. Тагнуулынхан тэднийг өмнө нь хэчнээн удаа эд зүйл хил давуулсан болон тэдний хань хамсаатан, захиалагч, гүйцэтгэгч нар нь ямар хүмүүс байгааг тогтоохоор шалгалтаа үргэлжлүүлж байгаа аж.