Б.Тэлмэн: НОСК барилга барихгүй, санхүүжилтээр хангах зорилготой байгууллага


Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд гадаад дотоодын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн эх үүсвэр босгох зорилгоор НОСК буюу Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулсан. Ирэх гуравдугаар сараас нийслэлийн иргэдэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нээлтээ хийх тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хүлээж буй үр дүнгийн талаар  гүйцэтгэх захирал Б.Тэлмэнтэй уулзаж ярилцлаа.


 

– Нийслэлийн орон сууцны корпорац гэж шинээр байгуулагдлаа. Манайд одоо ТОСК, МИК гээд ижил  төрлийн үйл ажиллагаатай байгууллагууд ажиллаж байна. Тэднээс ялгарах онцлог нь юу байх вэ?

-Магадгүй хүмүүс ТОСК-той ижил төстэй гэж эндүүрч байж болох юм. Сөүл хотын жишээн дээр тайлбарлаж өгье. БНСУ-д SH гэж корпорац бий. Энэ нь зөвхөн Сөүлдээ санхүүгийн зах зээл дээр төвлөрч ажилладаг. Мөн “LH” гэж бас бий. Тэр нь манайхаар ТОСК юм. НОСК –ийн хувьд барилга барих чиглэл рүү явахгүй. Манайх ер нь санхүүжилт, зохицуулалттай холбоотой ажиллах чиг үүрэгтэй. Санхүүжилт олох, хууль эрх зүйн орчныг сайжруулах, менежментийг нь зохицуулах, хэрэгжүүлэх байгууллага.

Нийслэлийн орон сууцны корпорац байгуулагдаад удаагүй байна. Иргэдийг орон сууцжуулах ажил хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, иргэдийн дунд эрчимтэй яригдаж буй халуун сэдэв болоод байна. Энэ ч үүднээс нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулсан. Үндэслэл юу вэ гэвэл бид Дэлхийн банкны техникийн туслалцаагаар “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” гэсэн баримт бичгийг боловсруулсан. Энэ бодлогын хүрээнд гурван түвшинд чиглэсэн алсын харааг тодорхойлсон. Нэгдүгээрт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гуравдугаарт нь санхүүжилтийн механизмыг тодорхойлох гэсэн шийдэлтэй. Мөн нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлагдсан. Тэр хөтөлбөрт багтсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.

-“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц” гэж юуг ойлгох вэ. Иргэдийн орлого, санхүүгийн чадамжид нийцсэн орон сууцаар хангана гэсэн үг үү?

Төлбөрийн чадварт нийцсэн гэдэг бол орон сууцны үнэ өртөгтэй хамаагүй. Иргэдийн орлоготой холбоотой асуудал. Иргэдийн өрхийн орлогыг 10 үечлэлд хамруулан үзэж байгаа. Эндээс өрхийн орлого нь сард нэг сая төгрөгөөс доош байгаа иргэдийг ямар нэг санхүүгийн дэмжлэг, оролцоо, зохицуулалттайгаар орон сууцтай болгодог байх шийдэл. Дэлхийн бусад хотод ч бас ийм жишиг байдаг. Манай улсын хувьд орон сууцанд орох иргэд нийт орлогынхоо 45 хувийг түүнд зарцуулж байвал болно гэж үздэг. Олон улсын жишиг ч мөн ийм л байдаг

-Шинэ он гараад эхний сар дуусах гэж байна. Энэ жилдээ ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ажил эхэлчихсэн гэж ойлголоо?

-Байгуулагдаад удаагүй ч нэлээд томоохон зориултуудыг ажил хэрэг болгохоор 24/7 гэсэн зарчмаар маш эрчимтэй зүтгэж байна.2016 онд шууд хэрэгжих хэд хэдэн төсөл байгаа. Эхний ээлжинд баримт бичиг, ТЭЗҮ, хөрөнгө оруулах боломжтой төслүүдийг судлах зэрэг ажил хийсэн.Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төсөл. Үүнд нэг анхаарах ёстой зүйл бол санхүүжилт. Энэ ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг 2003 онд гаргасан ч түүнээс хойш огт хөдлөөгүй. Үүнийг ажил хэрэг болгохоор зорьж байна. Манай зүгээс үүний санжүүжилтийн асуудлыг нь тодорхойлж өгье гэж зорьсон. Гадны орны хэд хэдэн жишээг судалсан. Ямар боломжит хувилбар байна, иргэдээс хэдэн хувь нь гарах вэ, яаж арилжааны банктайгаа холбох вэ гэх зэрэг асуудлыг яг судалж байна. Эхний ээлжинд Баянгол дүүргийн III, IV хорооллын хуучны угсармал байруудыг дулаалъя гэж Нийслэлийн Засаг даргын Новосибирьск хотод хийсэн айлчлалын үеэр тохиролцож, гарын үсэг зурсан. Гуравдугаар сараас эхлэн дулаалгын төслөө эхлүүлэхээр зорьж байна. Үр дүн нь шууд мэдэгдээд, богино хугацаанд хийдэх боломжтой. “Амины орон сууцтай – Улаанбаатар” гэсэн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан саналыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд иргэдийн найман бүлэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон санхүүгийн асуудлыг шийдэх зэргээр ажлууд үргэлжилнэ.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл үү?

-Тийм. Газар шинэчлэх, зохион байгуулах төслийн хүрээнд хийх ажил. Газрын эзэд маань нэгдээд, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахаар болж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргачихсан байна. Энэ хэсгээр нь зам, энэ хэсэгт нь нийгмийн дэд бүтцээ байгуулъя гээд зургаа гаргачихсан. Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа юм. Олон улсын жишгээс харвал  Тайланд болон Зүүн Өмнөд Азийн орнууд газар шинэчлэн зохион байгуулах ажлыг өндөр үр дүнтэй хийсэн байдаг Тэндэхийн туршлагаар иргэд нь өөрсдөө нийлээд газраа зохион байгуулж, ерөнхий төлвөлөгөөгөө гаргах дундаж хугацаа нь 10 гаруй жил байх юм. Иргэд нийлж хоршоо байгуулаад тэндээ барилга, орон сууцныхаа мөнгийг хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт хэлбэрээр авдаг. Ийм жишгийг л нэвтрүүлж, иргэддээ орон сууцаа засаж сайжруулах, шинэ орон сууцанд ороход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зармаар явагдана.

-Санхүү босгох, хөрөнгө татах, гадны байгууллагуудтай хамтрах чиглэлээр хэд хэдэн томоохон уулзалт форум зохион байгууллаа. Хэр үр дүнд хүрэв?

-Тийм, туршлага судлах, хамтран ажиллах зэргээр олон улсын байгууллагуудыг урьсан. Саяхан Улаанбаатар форумаа маш амжилттай зохион байгууллаа. Манай байгууллагын зүгээс хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа. Эндээс Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоотой хамран ажиллахаар болсон. Энэ байгууллагатай хамтран нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр болсон. Улаанбаатар хотын хэмэжээнд хэдэн орон сууц байна. Тэндээс хуучин нь хэд, шинэ нь хэд, баригдаж байгаа нь хэдэн хувьтай байна, санхүүжилт нь хаанаас вэ гэх зэрэг бусад улстай ижил систем бүрдүүлнэ. Мөн одоо шинээр баригдах барилгуудыг тухайн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьж босгоно. Бүгд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэнэ. Тэр зохион байгуулалтыг нь орон сууцны корпорац хангаж өгөх юм.

-Иргэдийг орон сууцжуулах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас  зохион байгуулж, иргэдийн ипотекийн зээлээр орон сууцанд хамруулж байна. Танай байгууллагын зүгээс санхүүгийн асуудалд дэмжиж, хамтарч ажиллах чиг үүрэгтэй гэлээ. Тухайлбал, 30 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй ипотекийн зээл  дээр танайхаас яаж оролцох вэ?

Нийслэлээс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн нэг хэсэг нь түрээсийн орон сууц юм. Энэ  хөтөлбөрийг хэрэгжүүлээд ахмад настнуудыг орон сууцанд оруулчихлаа. Энэ жил мөн 396 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Улаанбаатар сангаас төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах журам гэж батлагдсан. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрөөс байр авах гэж байгаа нийслэлийн иргэд, албан хаагчдад урьдчилгаа төлбөр 50 хувьд нь дэмжлэг үзүүлэхээр болсон. Түүнийг нь НОСК удирдаад хэрэгжүүлнэ. Нийслэлээс хэрэгжүүлэх орон сууцтай холбоотой бүхий л төслийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллана.

-Энэ онд танай байгууллагын зүгээс  нийт хичнээн  иргэнд хүрч үйлчлэх вэ?

-Яг тэд гэхэд төвөгтэй. Ер нь бол 130 мянга орчим өрхөд хүрч ажиллах шаардлагатай байна.

-НОСК хэчнээн төсөл хэрэгжүүлэх юм бэ?

-“Шинэ суурьшлын бүс”, “Дулаан техникийн шинэчлэл”, “Газар шинэчлэн зохион байгуулах”, “Хөрөнгө оруулалтын сангууд”, “Түрээсийн орон сууцны хөтөлбөр” гэсэн хөтөлбөрүүд бол НОСК–иас хэрэгжүүлэх ажлууд гэж ойлгож болно.

З.Батхуяг