Дэлхийн хамгийн гайхалтай 10 сиамын ихрийн бодит түүхээс


Манай дэлхий дээр хэдэн зууны турш бурхан тэнгэр хүн төрөлхтөнөөр даажигнаж буй мэт биеийн аль нэг хэсгээрээ нийлж төрсөн ихрүүд  хорвоогийн хаа нэгтээ мэндэлсээр иржээ.  Мэргэжилтнүүд, эмч нар олон жилийн турш эхээс төрөхдөө л хачин жигтэй төрсөн тэдгээр ихрүүдийн талаар өөр өөрийн онолыг дэвшүүлэн, маргаж ирэв. Мөн хэдэн зууны турш  тэдгээр ихрүүд өөрсдийн авьяас чадвар, шоу үзүүлбэрүүдээр үзэгчдийг байлдан дагуулж иржээ. Тиймээс энэ удаа манай дэлхий дээр амьдарч байсан гайхамшигтай 10 сиамын ихрийн бодит түүхээс уншигчиддаа сонирхуулж байна. 

1.Шотландын ахан дүүс
Шотландын ихэр ахан дүүс 1490 онд Гласгоугийн ойролцоо хаа нэгтээ  төржээ. Тэд манай дэлхийд мэндэлсэн хамгийн эртний сиамын ирхүүд байж ч мэдэх. Нэг биетэй хоёр толгойтой төрсөн тэдний талаархи мэдээлэл тун хомс аж. Гэхдээ олон эх сурвалж тэднийг билхүүсээрээ холбогдсон байсан гэдгийг баталдаг байна. Тэд Шотландын дөрөвдүгээр Жэймс хааны үед амьдарч байжээ. 

Хаан тэдний хүмүүжил, боловсролд анхаарахыг  зарлиг болгож байсан  бөгөөд үүний ачаар тэд дуу дуулах болон  зарим орны хэлийг сурч байсан гэх. Ихэр ах дүүс заримдаа хоорондоо зодолдож нэгийгээ гэмтээх тохиолдол ч гардаг байсан аж.  1518 онд тэд 28 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Гэхдээ тэдний үхлийн шалтгаан тодорхой бус байна. 

2. Унгарын эгч дүүс 
Хелен, Жуди нарыг ихэнхдээ “Унгарын эгч дүүс” хэмээн нэрлэх бөгөөд ихрүүд 1701 онд мэндэлжээ. Төрөх үедээ тэдний хэн нэгнийх нь амь эрсдэж магадгүй байсан тул эмч нар эхийн хэвлийд байхад нь мэс заслын аргаар төрүүлж байсан байна. Эхлээд Хеленг төрүүлж, үүнээс гурван цагийн дараа Жудит төржээ. Тэд маш хүчтэй, ухаантай, авьяастай бүсгүйчүүд байсан аж. 

Тэд өгзөг хэсгээрээ нийлсэн байдалтай төрсөн бөгөөд энэ байдлаа өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлж, хөгжимийн авьяас чадвараа ашиглан  Европ даяар шоу, тоглолт зохион байгуулах болсон байна. Гэхдээ тэдний урлагийн карьер удаан үргэлжлээгүй аж. Удалгүй Жудит тархины гэмтлийн улмаас нас барж, түүнээс хэдхэн цагийн дараа Хелен ч мөн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

3.Биддендены эгч дүүс 

Биддендены үйлчлэгчид  гэдэг нэрээр алдаршсан Элиза, Мэри Чулхурст нарын ихрүүд 1100 онд нутгийн нэгэн чинээлэг гэр бүлд төрж байжээ. Тэд ч гэсэн хамгийн эртний, алдартай  сиамын ихрүүдийн жагсаалтад багтаж байгаа юм. Тэд хонго болон мөр хэсгээрээ нийлсэн байдалтайгаар төрж байсан аж. Биеийн хоёр ч хэсгээрээ нийлсэн байдалтай төрөх нь маш ховор тохиолдолд тооцогддог байна. 

Тэд 34 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байжээ. Эхлээд Мэри өвчний улмаас нас барсан байна. Эгчийг нь нас барсны дараа Элизаг амьд үлдээхийн тулд ихрүүдийн биеийг нь салгахыг эмч нарын зүгээс зөвлөсөн ч, Элиза энэ ертөнцөд хамтдаа ирсэн болохоор хамтдаа явна хэмээн тус саналд татгалзсан хариу өгч байжээ. Ийнхүү Мэриг нас барсанаас хойш зургаан цагийн дараа Элиза амьсгал хураажээ.  

Эгч дүүс өөрсдийн баян амьдралаа орхиж, ядуу тарчиг амьдралаар олон жилийн турш амьдарч байжээ. Тэд ням гараг бүрт талх, бяслаг, торт зэргийг ядуу хүмүүст тараадаг байсан аж. Харин тэднийг хорвоог орхисны дараа 1900 оны эх хүртэл тэдний дурсгалыг хүндэтгэн Биддендемийн үйлчлэгчид гэх фестивалыг тус бүс нутгийн иргэд тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Энэ баярын хамгийн чухал зан үйл нь алдарт эгч дүүс шиг Биддендены бялуу хийх явдал байжээ.  

4.Ритта, Кристина Пароди
Ритта,  Кристина нарын ихрүүд Сардинад 1829 онд ядуу гэр бүлд төржээ. Гэр бүл нь хэдийгээр ядуу зүдүү амьдралтай байсан ч, ихрүүдээ эсэн мэнд урт удаан амьдруулахыг хүсэмжлэн Франц даяар явж, мэдлэг чадалтай бүх л эмч нар, эрдэмтэн мэргэдтэй  уулзсан байна. Энэ бүхэнд нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулж, тэдний гэр бүл улам бүр л уруудан доройтсоор байжээ. Тэдний талаархи мэдээлэл ч бүс нутаг даяар тарж, эмч нар ч өөрсдөө тэднийд ирэх болсон гэнэ. 

Харамсалтай нь төрөхдөө л сул дорой төрсөн Ритагийн бие өдрөөс өдөрт сульдан доройтсоор найман сартайдаа өөд болжээ. Харин ихэр нь өнгөрсний дараа эрүүл чийрэг сэргэлэн цовоо төрсөн Кристина хэдхэн хоромын дараа бурхны оронд одсон байна. Тэд нэг биетэй хоёр толгойтой төржээ.  

5. Радика, Дудика нар 

Радика, Дудика нар Ориссагийн эгч дүүс нэрээр олонд танигджээ. Тэд 1889 онд Энэтхэгт төрсөн байна. Ихрүүдийг төрсний дараа тэдний тосгонд үймээн самуун дэгдэж, тосгоны иргэд тэднийг “Бурхны уур хилэнгийн симбол” гэж нэрлэн гэр бүлийнх нь хамт тосгоноосоо хөөн гаргаж байжээ. Энэ бүхэнд бухимдсан эцэг нь гэдэс хэсгээрээ нийлж төрсөн охидоо өөрийн гараар салгахыг оролдож байсан удаатай гэнэ. 

Азаар нэгэн хүн түүнийг болиулж, цөхрөнгөө барсан эцэг нь  охидоо нутгийн сүмд хаяад явсан байна. Харин 1893 онд Captain Colman гэх эр ихрүүдийг худалдан авч, тэд Европ даяар аялж, төрөл бүрийн шоу үзүүлбэр үзүүлж  эхэлжээ. 

Captain Colman маш сайн эр байсан бөгөөд тэдний эзэн биш өргөж авсан эцгийн ёсоор ханддаг байжээ. Харамсалтай нь 1902 онд Додика сүрьеэгээр өвдөж, Радикагийн амийг аврахын тулд тэдний биеийг салгах мэс ажилбар хийлгэж байжээ. Мэс засал ч амжилттай болж, төд удалгүй Додика нас барсан байна. Харин үүнээс жилийн дараа Радика ч гэсэн сүрьеэ өвчнөөр нас баржээ. 

6.Роза, Иосефа Блазек 

Роза, Иосефа Блазек хоёр 1878 онд Бохемиад төржээ. Тэд нэг ойтойгоосоо л эхлэн шоу үзүүлбэр үзүүлж эхэлсэн байна. Улмаар охид 13 нас хүрэх үед тэдний биеийг салгуулах мэс засал хийлгэхээр Парис руу эмч нарт үзүүлэхээр явж байсан аж. Гэвч тэд биеийн доод хэсгээрээ нийлж төрсөн тул салгах ямар ч боломжгүй гэсэн хариуг сонссон байна. Тэд хэдийгээр ихэр ч, ялгаатай зүйл маш олон байсан гэнэ. 

Тухайлбал, Роса ухаалаг, чалчаа зантай байсан бол Иосефа даруухан, дуугүй хүүхэд байжээ. Бие мах боди нь нэг ч, Роса Иосефагаас хүчтэй байж. 1910 онд Роса хүү төрүүлжээ.  Ингэснээр амьдрах чадвартай хүү төрүүлсэн түүхэн дэх цорын ганц ихэр эмэгтэй болсон юм. 

Гэхдээ хүүгийн эцэг ёс суртахууны үүднээс Росатай гэрлэх хориотой байсан гэдэг. Росагийн хүү өсч том болж, тэднийг асрах хэмжээнд хүрсэн байна. Хүү тэдэнтэй хамт амьдардаг байсан бөгөөд ихрүүд анх удаагаа Америк явж байжээ. Гэвч удалгүй Иосефа хүнд өвчин тусчээ. Тэрхүү өвчин нь Росад ч мөн халдаж, ихрүүд 1922 онд насан өөд болжээ. 

7.Милли, Кристин Маккой
Милли, Кристин Маккой нарын ихрүүд 1851 онд Хойд Каролинад нэгэн ядуу зарцын гэр бүлд төржээ. Тэдний эцэг эх нь хоёул Иабез Маккай гэгч баян эрхмийн зарц нар байсан аж. Тэрхүү баян эрхэм охидыг төрсний дараа  мянган ам.доллараар арилжжээ. Үүнээс хойш тэд олон хүний гараас гар  дамжин худалдаалагдсаар эцэст нь Иосеф Пийрсон Смитын гэр бүл тэднийг худалдан авсан байна. 

Тэднийх охидыг авто зам дээр үзүүлбэр үзүүлүүлж, улмаар Каролинагийн ихрүүд гэдэг нэрээр ихээхэн алдаршчээ. Ингэж амь зууж байх зуураа тэд хүнд хулгайлагдан  Англи руу очиж,  үзүүлбэр үзүүлэх болжээ. Ямартай ч, Смит тэдний араас уйгагүй хөөцөлдсөний эцэст Америкад нь эргүүлэн авчирч чадсаны зэрэгцээ охид үзүүлбэрээ үргэлжлүүлэн үзүүлж, “Хоёр толгойтой охин”, “хоёр толгойтой алтан гургалдай” зэргээр нэрлэгдэх болжээ. 

1863 онд боолчлолоос чөлөөлөх тунхаг гарсан хэдий ч, Милли Кристин хоёр Смиттын гэр бүлтэй үлдэхээр шийдсэн гэдэг. Тэд үргэлжлүүлэн циркын үзүүлбэр үзүүлсээр байсан бөгөөд 1871 онд хатан хаан Викториад зориулан үзүүлбэр үзүүлж байжээ. Тухайн үед хатан хаан тэдэнд алмааз эрдэнэс бүхий үсний хавчаар бэлэглэж байсан аж. Гэвч Милли хүн өвчин туссанаар эгч дүүс дахин шоу үзүүлбэр үзүүлж чадахгүй болжээ.

8.Токкигийн ихэр ах дүүс
1877 онд Италид цээж хэсгээрээ нийлсэн Токкигийн ихэр ах дүүс төржээ. Тэднийг төрөөд дөнгөж сартай байхад эцэг эх нь “Эзэн хааны эрүүл мэндийн академи”-д өгчээ. Тэнд ихрүүд маш олон туршилтад орж, эцэстээ Европ, Америкт алдартай болсон байна. Тэд “хоёр толгойтой хүү”, “нийлсэн ихрүүд” гэдэг нэрээр алдарших болжээ. 

Тэд нэг хэвлий, нэг аарцаг, дундаа хоёр хөлтэй тул явж, алхах зэрэгт нь байнга бусдын дэмжлэг хэрэг болдог байсан аж. Ихрүүд нэг хөлөө л хянаж чаддаг байсны зэрэгцээ бусад эрхтнүүдээ хянах боломжгүй байсан гэнэ. Төрснөөсөө хойш ихрүүд дэлхий даяар тойрон аялсан байна. 

Улмаар 20 насандаа ихрүүд энэ бүхнээс амралт авахаар шийджээ. Тухайн үед тэдний амьдралд хүрэлцэхүйц мөнгө байгаагүй ч,  алдар нэр, их мөнгийг хэзээ ч хүсч байгаагүй гэнэ. Эцэст нь тэд эгч дүүстэй гэрлэж, Венец хотын ойролцоо нам гүмхэн амьдрах болжээ.

9. Дэйси, Виолет Хилтон  
Дэйси, Виолет Хилтон нарын ихэр эгч дүүс 1908 онд Англид төржээ. Төрсөн эх нь охидоо өсгөхөөс татгалзаж, Мэри Хилтон гэх эмэгтэйд худалдсан байна.  Тэрхүү эмэгтэй охидод өөрийн овгоо өгч, өсгөх болжээ.  

Гэвч Мэри нас барж, үүний дараа охидыг түүний эгч Эдит, нөхрийнхөө хамтаар  асрамжлах болсон байна. Охид өсвөр насандаа страд дуу дуулж, алдаршиж эхэлжээ. Ингэснээр охидын шинэ асран хамгаалагчдад мөнгө сая саяараа орж ирэх болсон байна. Ихрүүд өөрсдийн авьяасаа улам бүр цааш хөгжүүлж, хийл, саксфон хөгжмөөр ч өдрийн ихэнхи цагийг хичээллэн өнгөрүүлэх болжээ. 

1931 онд Дэйси, Виолет нар дэлхий дахинаа анхны бие даасан тоглолтоо хийж байв. Тэд өөрсдийн санхүүгээ хэзээ ч өөрсдөө удирдаж байгаагүй учир ихрүүдийн олж хуримтлуулсан бүхэн удалгүй барагдаж, тэдний урлагийн амжилт ч буурч эхэлсэн байна. Эцэст нь тэд олны анхаарлын төвөөс холдож, нам гүмхэн амьдрах болжээ. 

10.Чан, Эн хоёр 
Чан, Эн нарын ихрүүд 1811 онд одоогийн Тайланд буюу Сиамд төржээ. Тэд 1929 онд Сиамыг орхиж, дэлхий даяар тойрон аялж, шоу үзүүлбэр үзүүлэн,  лекц унших болжээ. 

Тэднийг Сиамын ихрүүд хэмээн дэлхий даяар нэрлэдэг байна. Эцэст нь тэд энэ бүхнээсээ завсарлага авч Хойд Каролинад хэсэгхэн газар худалдан авч, АНУ-ын иргэншилтэй болсны зэрэгцээ  өөрсдийн гэсэн зарц нартай болон дутагдах гачигдах зүйлгүй амьдрах болжээ. Тэд эгч дүүстэй гэрлэж,  хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд тэдний талаархи элдэв шуугиан дэгдэж байв.  Тэдний амьдрал, ялангуяа бэлгийн амьдралынх нь элдэв мэдээлэл  нийгэмд жинхэнэ дуулианыг тарьж байсан гэдэг. Гэхдээ Чан, Энг нар элдэв цуурхалыг эс тоон, эхнэрүүдтэйгээ аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарсаар байсан юм. 

Ихрүүд өөр өөр гэрт амьдарч байсан гэдэг. Ингэхдээ хагас долоо хоногоор ээлжлэн нэг нэгнийдээ амьдардаг байжээ. Улмаар 1844 онд тэд анхныхаа хүүхдийг өлгийдөн авч, ах дүүс нийтдээ 21 хүүхэдтэй болсон байна. Эцэст нь ихрүүд санхүүгийн хүндхэн байдалд орж, нэг удаа дэлхийг тойрон аялал хийсэн ч, энэ нь урьдын адил амжилттай болоогүй гэдэг. Учир нь олон хүн тэднийг харахаас татгалзсан байна. 
Эх сурвалж: www.mminfo.mn