Сонгуулийн хуулийг баталлаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүд 86.7 хувийн саналаар дэмжсэнээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа.

 

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан саналтай гишүүд байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, Сонгуулийн тухай хуулийг баталлаа.

 

Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.