Д.Сэржбүдээ: “Нүүдэлчин” зуух нь түлшийг 70% хэмнэж, утааг 95% багасгана


Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ыхон жил бүр оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэд энэ жил уламжлал ёсоор оны “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал сануулгаар тодруулж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 120 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 37 мянга гаруй санал өгчээ. Тэдгээрээс хамгийн өндөр санал авсан эхний 15 нэр дэвшигчдийг тодруулж өнөөдөр хүндэтгэл үзүүлсэн юм. Тэгвэл уг арга хэмжээний “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг 15” байгууллагын нэгээр шалгарсан “Байгальд ээлтэй технологи” ТББ Агаарын бохирдлыг эсрэг “Нүүдэлчин хийжүүлсэн зуух” төсөл шалгарсан юм. Уг төсөл нь хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч иргэдийн зүгээс ихээхэн талархал хүлээгээд буй үйл ажиллагаа юм. Хамгийн чухал нь тус төрийн бус байгууллага нь утаа багасгах зориулалт бүхий зуухаа гэр хорооллын иргэдэд үнэ төлбөргүй тарааж байгаа юм.

Ингээд тус байгууллагын тэргүүн Д.Сэржбүдээтэй цөөхөн хором ярилцсан юм.

– Өглөөний сониноос жил бүр зохион байгуулдаг тухайн жилийнхээ шилдэгүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнээс “Байгальд ээлтэй технологи” ТББ Агаарын бохирдлыг эсрэг “Нүүдэлчин хийжүүлсэн зуух” төсөл Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчээр шалгарлаа. Баяр хүргэе?

-Өнөөдрийн арга хэмжээнээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч 15 байгууллагын нэгээр шалгарсандаа миний бие болон манай хамт олон үнэхээр сэтгэл өндөр байна. Өглөөний сонин манай хийж буй ажлыг эхнээсээ дэмжиж ирсэн. Үнэхээр энэ төсөл чинь хэрэгтэй зүйл байна гэдгийг ард түмэнд үнэн зөвөөр нь хүргэж өгч байсан гэдгийг онцолмоор байна. Бид одоо УТААГҮЙ АЯНы хүрээнд УБ хотын төвийн 6 н дүүргүүдийн гэр хорооллын иргэдэд 300 аад зуухаа хүлээлгэж өгөөд байна.

-Монгол ахуйд тохирсон хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн “Нүүдэлчин” зуухын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотын хамгийн ихээр тулгамдаад буй гол асуудалын нэг нь гэр хорооллын утаа байдаг. Жилийн жилд утааг бууруулах гэж төр засаг болон олон улсын байгууллагаас их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэвч одоогоор төдийлөн амжилт олохгүй байгаа нь бодитой үнэн болоод байна. Манай “Нүүдэлчин” хийжүүлэгч зуухын хувьд утаагаа дахин хийжүүлэн шатаадаг тул утаагүй гэдгийг одоо иргэд ойлгож эхэлж байна. Утаагүй тул хүний биед болон байгаль орчинд ээлтэй эко. Түлшийг өмнөх төслөөр иргэдэд нийлүүлсэн зуухнуудаас даруй 3-4 дахин хэмнэдэг тул эдийн засгийн хувьд хэмнэлтэй, хэрэглэхэд хялбар , энгийн галлагаатай учир ямар ч аюулгүй.

-Агаарын бохирдлыг бууруулахад томоохон түлхэц болно гэж та хэллээ. Ер нь агаарын бохирдлыг хэдий хэр хэмжээнд бууруулах вэ. Яг үнэнийг хэлэхэд иргэд янз бүрийн зуух авсан. Итгэх итгэл багассан байж болзошгүй?

-Хамгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгье. Энэ зуухыг хэрэглэснээр түлшээ 70 хувь хэмнэнэ. Тиймээс үүнийг дагаад хамгийн багаар бодоход агаарын бохирдол 70 хувь багасна л гэсэн үг. Бид бол 95.5 орчим хувиар буурна гэсэн тооцоо, судалгаа хийсэн. Энэ бол бидний айлуудад тавьж өгсөн дүгнэлт.

– Урд нь олон төрлийн зуух гэр хороололд тараагдаж байсан. Төдийлөн амжилт олоогүй. Тэгвэл “Нүүдэлчин” зуухыг гэртээ тавьсан иргэдийн сэтгэгдэл хэр байгаа вэ?

–Нүүдэлчин зуухыг хэрэглэж байгаа иргэдийн сэтгэл ханамж үнэхээр өндөр байгаа. Урд нь гэр хороололд тараагдаж байсан “Цэвэр агаар” сангийн зуухнуудыг хэрэглэж байсан хүмүүс манай зуухыг хэрэглэж үзээд “танайх үнэхээр сайн юм аа” гэж байсан. Бид зуух хэрэглэх айлуудад эхлээд маш сайн зааварчилгаа өгдөг. Дараа нь бид айл болгоноор орж шалгаж үзэж хэвшүүлдэг юм. Өмнөх төслийн зуух хэрэглэж байсан айл өрхүүд шуудай, шуудайгаар нүүрс хийдэг байсан бол одоо багахан хэмжээтэйг хийгээд хангалттай дулаанаа авчиж байна. Энэ маань зөвхөн агаарын бохирдлыг эрс буулгаад зогсохгүй маш их түлш хэмнэж байна, цахилгаан хэмнэж байна гээд олон сайн талтайгаар хэрэглэгчдийн талархалыг маш ихээр хүлээж байна. Нэг ёсондоо Нүүдэлчин зуух хэрэглэж буй айл болгон газын плиткатай боллоо гэж ойлгож болно.


-Зааварчлагаа өгч байгаа гэж хэллээ. Хэрэглэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Бусад зуухнууд шиг дээрээс нь асаана, заавал эхлээд модоо хийх гэх зэрэг ямар нэгэн нарийн зааварчилга шаардлагагүйээ. Та бүхэн яг л хуучин хэрэглэдэг байсан уламжилалт зуухтайгаа адилхан хэрэглээл явах боломжтой. Бас нэг гол анхаарах зүйл нь өмнөх зуухнууд шиг ихээр галлах шаардлагагүй. Маш бага түлшээр их өндөр дулаан гаргадаг учир шуудайгаар хийнэ гэсэн ойлголт байхгүй юм.

-Аюулгүй байдлын хувьд?

-Газ, хий гээд ирэхээр зарим иргэдэд буруу ойлголт төрдөг л дөө. Үндсэндээ манай Нүүдэлчин зуухны гол ажиллагаа болох Хийжүүлэх явц гэдэг нь Агаарт цацагддаг дутуу шатсан утаа угаар хөө тортогыг дахин хүчилтөрөгчөөр нэмж шатаах явцыг хэлж байгаа юм. Энгийнээр ойлгуулбал зуухан дотор 2 шаталт зэрэг явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Бүр ойлгомжтойгоор хэлбэл Манай зуухны гол хоол тэжээл нь Утаа Угаар Хөө тортог юм. Утаа угаар ихтэй жишээлбэл Багануурын нүүрс манай зууханд яг тохирно. Аюулгүй байдал талаасаа би дээр хэлсэнчлэн энгийн галлагаатай тул ямар нэгэн буруу галлагаа ч юмуу тэсрэх асуудал байхгүй. Монголчууд бид эрт дээр үеэсээ авахуулаад өнөөг хүртэл галаа түлээд амьдараад ирсэн ард түмэн. Тиймээс уламжлалт арга барилыг баримталж хийсэн. Мөн манай зуухны бас нэг давуу тал нь галаа ихэсгэж багасгах боломжтой.

-Хаана үйлдвэрлэгдэж байгаа вэ. Зохион бүтээгч нь Монгол хүн гэж сонссон?

–Тиймээ манай зуухны зохиогч маань Монгол хүн. БНХАУ-ын Чин Хуа Их сургуулийн эрдэмтэнтэй хамтарч зохион бүтээсэн. Тиймээс энэ бол Монгол хүний оюуны өмч, бидний оюуны өмч. Оюуны өмчөө бүх ном журмын дагуу баталгаажуулж авсан. Үүнийг төр засаг маань анхааралдаа авч Монголчуудынхаа оюуны өмчийг хамгаалж, олон нийтэд хүргэх хэрэгтэй. Онцлоод хэлэхэд энэхүү хийж байгаа ажлыг манай иргэн бүр цаашлаад төр засаг маань ойлгож бидний ажлыг дэмжээд өгвөл олон жилийн турш бидний эрүүл мэнд хойч үед маань шууд заналхийлж байгаа Утаа гээч мангасыг 2 хон жилийн дотор арилгах боломжтой боллоо гэдгийг хэлмээр байна.

-Монголчуудад туйлын хэрэгтэй оюуны бүтээл болжээ. Энэ дашрамд танаас нэг зүйл тодруулъя. Ойрын өдрүүдэд таныг хэвлэлээр “МАХН-д орсон, сонгуульд нэр дэвшинэ” гэх зэрэг мэдээллүүд явах боллоо. Энэ асуудал дээр хариулт өгөхгүй юу?

-Хувь хүнийхээ хувьд МАХН-ыг сонгосон. МАХН-д гишүүнээр элссэн нь үнэн. Миний хийж бүтээхийг зорьж байгаа ажилд тус дэм болно гэж итгэж байна.

Г.Лхагва