Банкнаас 424 саяыг дээрэмдсэн байжээ


Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 380 орчим сая төгрөг дээрэмдсэн гэх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Уг хэргийн эзнийг 24 цагийн дотор баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн.

 

Эл хэргийг Эрдэнэт хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 онд төрсөн Э, 1985 онд төрсөн Б нар үгсэн тохиролцож үйлдсэн нь тогтоогджээ.

 

Тэгвэл тэд Худалдаа хөгжлийн банкнаас 380 саяыг биш нийт 424 сая төгрөгийг дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Тэд дээрэм үйлдэхдээ ашигласан гэх приус автомашиндаа 394 саяыг нь , ломбардад тавьсан автомашиндаа 30 саяыг нь нуусан байжээ. Цагдаагийн байгууллага уг мөнгийг хураан авч, банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байна.

 

Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Ингэхдээ дээрх хэргийг үйлдсэн ах дүү хоёрт бусдын амь насанд аюултай аргаар зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээж Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Эрүүгийн хуулийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.