Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барилаа


Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын гүйцэтгэх товчоо болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн байна. Тэгвэл өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдийг томилуулах албан бичиг илгээжээ. 

 

Уг албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулахаар уламжилсан байна. Мөн албан бичигт энэхүү томилгоо нь эрх баригч АН, Засгийн газарт хамтрагч МАХН-ын тохиролцооны дагуу явагдаж буйг онцлон тэмдэглэжээ.

 

Иймд МАХН, АН-ын хооронд тохиролцсон зарчмын дагуу Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Улсын Шадар сайдад Намбар овогтой Энхбаярын нэрийг, Эрүүл мэнд, спортын сайдад Цэрэндаш овогтой Оюунбаатарын нэрийг тус тус дэвшүүлэхээр МАХН-аас албан ёсны санал ирүүлсэн тул уг саналыг үндэслэн  МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл"-ээс Монгол Улсын Шадар сайдад Намбар овогтой Энхбаярыг, Эрүүл мэнд, спортын сайдад Цэрэндаш овогтой Оюунбаатарыг томилуулахаар уламжилж байна.

 

Хүндэтгэсэн,

 

Улсын Их хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гэжээ.

 

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдан Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад нэрийг нь дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.

 

Ерөнхий сайдад өргөн барьсан нэр дэвшигчийг томилуулах тухай албан бичиг /Эх хувиараа/

 

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдсоноор өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ. Үүний дараа МАХН-аас ЭМ-ийн сайд асан Н.Удвалын туслахаар ажиллаж байсан Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, Спортын сайдаар томилох саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч татгалзсан хариу өгсөн юм.