Н.Батцэцэг: Эмэгтэй хүний хамгийн сайхан чимэг бол инээмсэглэл


Дэлгэцийн урлагт бүтээсэн олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд эзэмдсэн Гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй Монгол киноны 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Гайхамшигт дэлгэц” төслийнх нь талаар ярилцлаа. Тэрээр гэр бүлийнхнийхээ хамт холын Америкт ажиллаж, амьдран олон сайхан баримтат болон хөрөг нэвтрүүлгүүд хийж байсан билээ. Харин энэ удаад эх орондоо ирсэн даруйдаа монголын кино урлагийн 80 жилийн түүхэн ойн төсөл дээр цаг наргүй ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзахаар цаг тохирон “Cinderella” салоныг зорилоо. Тэрээр их ажлын хажуугаар гоо сайхандаа анхааран хэсэгхэн хугацаанд ч гэсэн алжаалаа тайлж байхад нь ийнхүү ярилцахаар болсон юм.

 

-Монгол киноны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Танай студи энэхүү ойн хүрээнд томоохон төслийг хариуцан ажиллаж байгаа. Төслийн ажлууд ямар явцтай байна?

 

-Манайх Монгол киноны 80 жилийн ойгоор Монгол кино нэгтгэлээс 80 уран бүтээлчийн хөргийг хийж байгаа. Эдгээр хөрөг нэвтрүүлгүүдээрээ киноны уран бүтээлчид гэж ямар алба хашдаг юм бэ гэдгийг сурталчлан телевизүүдэд нийлүүлсэн. Эдгээр хөрөг нэвтрүүлгүүд одоо телевизүүдээр ид явж байгаа.

Мөн монголын киноны 80 жилийн түүхэнд хийж бүтээсэн кинонууд уран бүтээлчдийн гэрэл зургийн хамт фото альбом болон гарч байгаа. Хүмүүс дан түүх уншихад уйтгартай учраас тухайн киноны зураг хийсэн уран бүтээлчдийн товч түүхтэй гаргаж байгаа. Арванхоёрдугаар сарын 5-нд манай Монгол киноны 80 жилийн ойн ёслолын арга хэмжээ нэгдсэн тоглолт болно.

 

-Ойн тоглолтын онцлог юу вэ?

 

-Соёлын төв өргөөнд болох энэхүү ойн тоглолтын онцлог нь тайзнаа дуучид киноны дууг дуулан тухайн бүтээлд тоглож байсан өдгөө амьд сэрүүн байгаа уран бүтээлчид буюу дүрүүд нь тайзнаас үзэгчидтэй уулзана. Манай энэхүү тоглолтын фото альбом, тоглолтын тасалбар маш эрэлттэй байгаа. Мөн энэ ойн хүрээнд монголын киноны залгамж халааг бэлтгэх том бааз суурь болсон Кино урлагийн дээд сургууль дээр эрдэм шинжилгээний бага хурлууд болж байгаа.

 

-Монголын кино урлагийн 80 жилийн түүхийг ярих ахмадууд хэр олон байна. Хөрөг нэвтрүүлэг, фото альбом бэлтгэхэд баримт цуглуулах гээд ажил их байсан болов уу?

 

-Манай кино үйлдвэр чинь 4-5 объекттой, 500-аад ажилтан, албан хаагчтай байлаа шүү дээ. Одоо бол он цагийн урсгалд хүн мөнх биш учраас хорогдож цөөрч байгаа ч гэсэн 400 орчим уран бүтээлчид бий. Бид ахмадын баяр, урлагийн ажилтны өдрөөр ахмадуудтайгаа байнга л уулздаг. Тэдний зарим нь өдгөө кино үйлдвэр, КУДС-д багшилж байгаа. Энэ монголын кино урлагийн түүхийг хадгалах асуудал бол Улсын гэрэл зураг, дуу авианы архивд баримтат болон уран сайхны бүтээлүүд хадгалагддаг. Гэхдээ одоо үүнийг Хууль зүйн яамны харьяа болгосон. Үүнийг манай уран бүтээлчид буцаагаад Монгол кино нэгтгэлийг харьяа болгоосой гэж хүсдэг.

Яагаад гэхээр бид өөрсдөө бүтээсэн зүйлээ эргүүлээд ашиглах гэхээр заавал Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч тодорхой хэмжээний мөнгө төлөх болсон. Жаахан уялдааны тал дээр анхаармаар зүйл бидэнд байгаа. Амьд сэрүүн байгаа уран бүтээлчид маань өөрт байгаа хамаг зүйлээ хамаад л эрвийх дэрвийхээрээ оролцож байгаа. Уран бүтээлчдийн өөрсдийн гар дээр байгаа хуучны ховор гэрэл зургудаар фото альбом маань бүтсэн. Тэд аливаа зүйлд сэтгэл зүрхээ өгч хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан учраас түүх бичилцэж буй 80 жилийн ойдоо хүн бүр маш их ач холбогдол өгч оролцож байгаа.

 

-Энэхүү 80 хөрөг нэвтрүүлгийг нэг дор үзэх боломж байгаа юу?

 

-Байгаа. Mongolkino.@com болон фейсбүүкийн Гайхамшигт дэлгэц төсөл гэдэг хуудсаар зочлон 80 хөрөг нэвтрүүлгийг үзэж болно. Мөн дараа нь DVD болгон  гаргана.

 

-Танай гэр бүл монголын кино урлагтай салшгүй холбоотой. Таны хувьд монголын кино урлагийн 80 жилийн түүхээр ховор боломж тохиожээ?

 

-Бид 80 жилийн түүхийн дэргэд ол далайн дэргэдэх нэгэн дусал гэсэн үг. Тэр баялаг уран бүтээл, ахмадуудын хийж бүтээж байсан зүйлс бол гайхалтай. Өнөөдрийн техник технологи компьютер график хөгжсөн энэ нөхцөлд бол тэдний корзинктэй ширээний монтаж хийж байсан үе бол ямар хөдөлмөрч, агуу уран бүтээлчид байсныг гэрчилнэ. Киноны энэ их баялаг түүхээс хүмүүстэй хамт суун зах зухаас нь хумилцах завшаан тохиосон. Энэ хэд хоног бол надад маш их баяр баясгалан бэлэглэж, он цагаар аялах боломж олгосон. Бусад уран бүтээлчдээрээ маш их бахархаж байлаа.

 

-Үзэгчдийн зүрх сэтгэлд таны цэл залуу насыг дэлгэцнээ мөнхөлсөн Солонго сэтгүүлчийн дүр илүүтэй хоногшин үлдсэн. Тухайн бүтээлд тоглосон үеэ эргэн дурсвал?

 

-Сэтгүүлч та бүхэн миний Солонго сэтгүүлчийн дүрийг илүү цохон ярьдаг. Магадгүй хилийн цэргийн ангид очиход тэр киног дурдаад угтдаг байх. Ер нь бол залуу насны маань эрч хүчтэй, эрвэлзэж явсан тэр үе дэлгэцэд үлдэж хадгалагдана гэдэг бол одоогийн энэ цахим ертөнц хөгжөөгүй байсан үе гэхэд маш сайхан дурсамж шүү дээ. Тэр дуутайгаа, орчинтойгоо үлдэнэ гэдэг бол гайхалтай. Кино бол улсын түүх.

 

-Та эх орондоо ирснээс хойш цаг наргүй ажилдаа байлаа?

 

-Хүн завгүй байна гэдэг чинь их аз жаргал байлдаг юм байна. Нэг хэсэг үр хүүхдийнхээ сургууль соёлд суралцаж байх үе хийх зүйлс байлаа. Энэ үедээ Америкийн мужуудаар хөндлөн гулд яван нэвтрүүлэг хийж явсан. Гэхдээ эндээ ирснээс хойш хийж байгаа ажил, хамт олныхоо дунд бужигнаж байгаа ол хамгийн том баяр баясгалан. Хүн дуртай орчиндоо хүссэн юмаа хийгээд явна гэдэг бол аз жаргал.  Хүнд хэрэгтэй байн гэдэг бол хүний сэтгэлийн агуу том таашаал юм.

 

-Цаг завгүй их ажлын алжаалаа тайлан “Cinderella” салонд тантай уулзсан учраас таны гоо сайхны нууцаас тань хуваалцахгүй байж чадахгүй нь?

 

-Би одоо л “Cinderella” гоо заслын эмнэлгээр үйлчлүүлэн үр дүнг нь мэдэрч өөртөө цаг гаргаж байна. Өөрөө өөрийнхөө биеийг хааяа ч гэсэн урамшуулж байх ёстой. Намайг хүссэн газарт минь хүргэж өгч, өсгийтэй бол өсгийтэй элдэв зүйл  дээр л би энэ хөлийнхөө үйлийг үзэж яваа шүү дээ. Энд ирээд нэг өдөр хөлөө баярлуулан массаж хийлгэнэ гэдэг бол нэг ёсны урамшуулал юм. Намайг гэгч гомдоогоогүй эд эрхтнийхээ тусыг бодоод би баярлуулж байх хэрэгтэй юм билээ. Энэ олон сайхан  охидуудын хүчээр “Cinderella” салонд би бүх биендээ массаж хийлгэж байна. Яг одоо бол нүүрэндээ эмчилгээ хийлгэн маск тавиулчихсан байна. Манай цаг агаар өвөлд их хуурай огцом хайрдаг учраас бид арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Миний бие эд эрхтэн нүүр царай гэдэг бол миний хөдөлмөрийн багаж гэж хэлж болно. Тиймээс намайг ажил хийхэд боломж болж байгаа хөдөлмөрийн багаж, зэвсгээ арчилж тордож байх хэрэгтэй шүү дээ. Энэ бүх бололцоог бүрдүүлж өгсөн энэ эмнэлгийнхэндээ баярлаж байна.

 

-Тэгвэл таныг “Cinderella” салоны юу нь илүүтэй татав?

 

-Эмэгтэй хүн бол өөрийнхөө байгаа тэр хүчээр явах биш нэгэнтээ шинжлэх ухаан хөгжиж байхад арьс, гоо сайхандаа хэрэгтэй гэж байгаа үйлчилгээнүүдийг хийдэг болсон тохиолдолд заавал өөрийнхөө цэнэгийг дуустал хар тэнхээгээрээ давхиад байж яахав. Хаяа сэлбэж, хүн амаараа амин дэм уудаг шиг арьс, гоо сайхандаа арчилгаа тордлого авч байх хэрэгтэй. Эднийх бол үүднээсээ авахуулаад үйлчилгээ нь эелдэг хүний сэтгэл татахаар байдаг. Мөн хэрэглэж байгаа багаж, тоног төхөөрөмж өрөөнүүд нь бол их таатай л даа.

Бид нар чинь хар тэнхээгээрээ давхиад  машин унаж байгаа ч нисчихмээр тийм их ажилтай үе байдаг шүү дээ. Гэртээ ч тавтай сууж чаддаггүй юм уншингаа идэх юм ам руугаа хийж байх жишээтэй.  Тэгэхэд чинь энд орж ирээд биедээ хучуулаад нүүрэн дээрээ маск тавиулан сайхан сонгодог намуухан хөгжим эгшиглэхээр өөрийн мэдэлгүй нам унтчихна. Түрүүн би хурхираад түүнээсээ цочоод сэрсэн /инээв/ Энэ их ажлын дундуур өөртөө зав гаргана гэдэг бол эмэгтэй хүн өөрийгөө хүндлэх ухаан бол уу.  Үүнийг мэдэхгүй их оройттолоо явсан бол миний том алдаа. Эмэгтэй хүний хамгийн сайхан чимэг бол инээмсэглэл. “Cinderella” салонд үүдээр орж ирэхэд л мэндлээд инээмсэглэхээр их сайхан санагддаг. Мөн тэд хийж буй үйлчилгээ бүрээ хэлэн байнга харилцан ярилцдаг нь их таалагддаг. Би эндээс тайвшрал сэтгэлийн гэгээ олж аваад гардаг, надад их цэнэг, эрч хүч өгдөг.

 

-Төсөл өндөрлөх шат руугаа орж байна. Таны дараагийн алхмыг сонирхож болох уу?

 

-Хүн өөрөө хүсэх юм бол ажил доороосоо ундраад байдаг шүү дээ. Хорвоогийн ажил, асуудал хоёр тасардаггүй. Өөрөө өөртөө юу тарьж чадна түүнийхээ үр шимийг амсана. Хэрвээ юу ч тарихгүй суувал юу ч биш гэдгээ ухарч ганцаараа гараа хумхин сууж болов уу. Тэр бол хүний сонголт. Хүүхдүүд маань сая гэрлэсэн учраас магадгүй гэр бүл маань ам бүл нэмэх болов уу гээд одоогийн ангиа төгсгөөд /тэрээр КУДС-д багшилдаг бөгөөд түүний дааж авсан анги энэ жил II курс аж/  амсхийж амрах бодолтой байгаа.  Ойн арга хэмжээний дараа нөхөртэйгээ хоёр үг сольё доо. Ар гэртээ анхаарал тавих завгүй төслийн ажил гээд зарим орой нөхөртэйгээ хоёр үг солих боломжгүй л маргааш болгох юм /инээв/.