“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан анх удаа “Монгол туургатаны боксын анхдугаар их наадам”-ыг Улаанбаатар хотноо арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах товоо зарлаад байгаа билээ. Өчигдөр тус нийгэмлэгийн удирдалга, гишүүд хэвлэлийн бага хурал хийн наадмынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэсэн юм.
Монгол туургатны боксын анхдугаар наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Монгол гэсэн таван улсын шилдэг ширэн бээлийтнүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм байна.
Тэмцээнд Олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин H.Төгсцогтоос өгсүүлээд ОХУ, БНХАУ-д рейтингээрээ нэгт бичигддэг тамирчид ч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа гэдгийг тэмцээний зохион байгуулагчид онцолж байлаа.
Дашрамд дурдахад, тэмцээн 49 кг, 52 кг, 56кг, 60 кг, 64 кг, 69 кг гэсэн зургаан жинд явагдах бөгөөд жин тус бүрийн гран прийн эзэн 999-ийн сорьцтой алтан гэрэгэ бүхий шилжин явах цом, нэгдүгээр байр, алтан медаль 1500 ам.долларын, хоёрдугаар байр мөнгөн медаль 1000 ам.доллар, гуравдугаар байр хүрэл медаль 500 ам.долларын шагнал хүртэх ажээ.
Энэхүү боксын анхдугаар наадам нь “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны их наадам”-ын нэг хэсэг нь аж. Тус нийгэмлэгээс дараа дараагийн наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа энэ үеэр дуулгалаа. Тухайлбал ирэх гуравдугаар сард Монгол туургатны мисс, шатар, бөхийн наадам болж, шилдгүүдээ тодруулах нь ээ. Тиймдээ ч Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгт урлаг, спортын салбарын шилдэг залуус нэгджээ.
“Монгол туургатны их наадам”-ын тухайд хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ энэ төрлмийн тэмцээн, уралдаанаас онцлог юм байна.
Мөн “Монгол туургатны их наадам”-ын хүрээнд 100 мянган ам.долларын шагналын сантай “Premier Global Business Forum For Young Entrepreneurs”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа нийгэмлэгийнхэн дуулгасан юм.
Э.Бадар-Ууган: Залуучууддаа үлгэр болгож, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна
-Монгол туургатны боксын анхдугаар их наадамд дэлхийн шилдэг тамирчдыг чуулах гэж байна. Тэдгээр тамирчидтай яаж холбоо тогтоож, тэмцээндээ оролцох саналыг тавьсан бэ?
-Ер нь Өвөрмонголын боксын холбоотой байнгын холбоотой ажиллаж, хамтарсан бэлтгэл сургуулилт хийдэг. Гэхдээ Халимаг, Буриад, Туватай сая очоод уулзаад “Монгол туургатны боксын анхдугаар их наадам”-ыг зохион байгуулах гэж байна гээд хамтарч ажиллах санал хүргүүлсэн.
Тэд ч бидний тавьсан саналыг сайшаалтайгаар хүлээн авч, хамтарч ажиллая гэсэн.
-Олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад, тамирчдын хаана байрлуулах вэ, бэлтгэл сургуулилтыг хаана хийх вэ гэдгээс эхлээд нэлээд бэрхшээл тулгардаг. Ер нь эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Тэмцээний бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хангагдсан байна. Бүх ажил дууссан. Тэмцээн бол Бөхийн өргөөнд гурав хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд тамирчлыг Чингис зочид буудалд байрлуулж, арын асуудлыг нь зохицуулахаар болсон.
-Мэдээж Монгол туургатныг чуулуулсан энэ тэмцээнийг зохион байгуулахад зардал их гарч байгаа байх. Ивээн тэтгэгч байгаа юу?
-Байхгүй ээ. Бүх гишүүд маань дор, дороо өөрсдөө хөөцөлдөж, санхүүгээ өөрсдөө зохицуулсан. Залуу хүмүүс гэхээрээ яагаад заавал аль нэг бизнесмен, улстөрчдийг бараадах ёстой гэж. Нэгэнт хийж бүтээсэн юмтай болохоор залуу хүмүүстээ уриалга болгож, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.
Цаашдаа ч гэсэн манай “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс шат дараатай, тэмцээнүүдийг зохион байгуулна. Зөвхөн боксын тэмцээн гээд зогсчих биш, бие бялдар, оюун ухаан, бизнес форум гээд монголчууд өөрсдөө дэлхийд танигдах ажлуудыг шат дараатайгаар хийнэ.
Н.Ариунцэцэг: Дэлхийд танигдсан группуудтэй уулзаж, тэмцээнийхээ бичлэг, шторкуудыг шууд цацуулахаар болсон
-“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс монголчууд дэлхийд бие бялдар, оюун ухаан, үйлдвэрлэл худалдаагаар танигдах алхамуудыг шат дараатайгаар хийнэ гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу? Нийтдээ хэчнээн хугацаанд үргэлжлэх вэ?
-Үргэлжлэх хугацаа бол тодорхойгүй. Мэдээжийн хэрэг манай байгууллага байгуулагдаад хоёр гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ойрын төлөвлөгөө маань боксын тэмцээн, шатрын тэмцээн, миссийн тэмцээн, бизнес форум, дээр нь Монгол туургатны бөхийн наадам гэж хийх гэж байгаа.
Мөн цаашдаа салбар, салбарын ажлуудыг хийнэ. Энэ нь ойрын 4 сар хүртэлх ажлын төлөвлөгөө юм.
-Тэгэхээр эдгээр ажлуудаар дамжуулж, монгол хүнийг дэлхийд таниулах зорилготой гэж ойлгож болох уу?
-Тийм. Монгол хүний үнэ цэнийг дэлхийд таниулъя. Монгол хүн бол оюун ухаан, авьяас чадвараараа салбар, салбарт манлайлдаг юм шүү гэдгийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь гаргах гол зорилготой.
Улмаар Дэлхийд гайхагдах Монгол гэсэн зорилго дор ажлаа явуулж байна. Тэгээд бид нар сая ОХУ-ын ТНТ телевизээс эхлээд дэлхийд танигдсан томоохон медиа гуруппуудтэй уулзсан. Эдгээр байгууллагууд маань энэ бүх тэмцээнүүийн бичлэг, шторкуудыг өөр, өөрийнхөө салбаруудаар сурталчилж байгаа. Энэ нь эргээд биднийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь мэдрүүлэх том гарц болж байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна