“Азийн хүлэг улс” номын нээлт боллоо


2015.11.26-ны өдөр Black Box Theatre-д “Азийн хүлэг улс“ ном нээлтээ хийлээ. Монгол улсаа хөгжлийн замд хөтлөх оюунлаг залуучуудын үзэл бодол өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна. Орон зайн энэ хязгаарт мэдлэг оюуны мэлмийг нээх нэгэн цоо шинэ бүтээл уншигч таны бодлын санд мэндэлж байгаа нь “Азийн хүлэг улс” ном гэдэгтэй нээлтэнд ирсэн улс төр, урлаг соёлын эрхмүүд санал нэгдэж байлаа.

 

Зохиогч Лувсаннамсрайн Оюун­Эрдэнэ 10 жилийн өмнө “Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоороо тухайн үед залуучуудыг байлдан дагуулж байсан. Харин тэрээр “Азийн Хүлэг Улс” хэмээх энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөнджээ. Энэхүү тэргүүн дэвтэр нь доголон ардчилал, түүчээ шувуу, цогтэрдэнэ гэсэн 3 үндсэн бүлэг 30 дэд сэдвээс бүрдэж байгаа бөгөөд өнөөдөр манай улсад тулгамдаж буй хөгжлийн сонирхолтой асуудлуудыг багцлан товчоор илэрхийлэхийг зорьсон байна.  МУСГЗ, Шог зураач С. Цогтбаяр энэхүү номыг хамтран бүтээлцсэн нь онцлог байлаа. Тэрээр шог зураач маань номын босго үгэндээ “Өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа өвчний онош болоод эдгэх аргын талаар зоригтой дэвшүүлсэн санаанууд, бодож явдаг олон зүйл нэгдсэн учир хамтран ажиллахаар шийдсэн” хэмээсэн нь энэ номын үнэ цэнийг илтгэж байлаа.

“Азийн хүлэг улс” ном нь Дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлыг өвөр хуудсандаа нийтэлсэн бөгөөд Монгол улс “Азийн хүлэг улс” болох хөгжлийн бодлогыг энэ номноос тольдож болно. Мөн ардчилал жинхэнэ утгаараа Монгол улсад  хөгжиж байна уу, Монголд нийтийн эрх ашгийн төлөө хувийн хүслийг хязгаарлагч удирдагч байна уу, түүх соёлоороо бахархсан үнэ цэнийг Монгол улсад бий болгох ёстой зэрэг улс орны  хөгжлийн түүчээ болсон тулгуур асуултуудын хариултууд зохиогчийн  мэдлэг оюундаа хэрхэн сийрүүлснийг  уншигч та оюун бодолдоо таашаан тунгаана гэдэгт итгэлтэй байна. “Азийн хүлэг улс “ ном Улаанбаатар хотноо Интер ном, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээр өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байна. Номын цагаан буян арвижих болтугай.