Хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар борлуулна


Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр”-ийн барилгыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас нээлттэй дуудлага худалдаанд оруулахаа зарласан билээ.

Тус барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий хоёр давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м2 эзэмшил газартай.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж авна. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг дэнчин тушаасан баримтын хамт дугтуйнд хийж өгөх аж. Дэнчин нь 715.5 сая төгрөг юм байна.  Харин дуудлага худалдааны доод үнийг 7 тэрбум 155 сая төгрөгөөр тогтжээ.

 

Дуудлага худалдаанд оролцож буй иргэн, ААН-д ямар шаардлага тавьж буйг НӨХГ-ын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүүгээс тодруулахад “Нээлттэй дуудлага худалдаа явагдаж байгаа тохиолдолд ямар нэгэн нөхцөл, шаардлага тавихгүй. Авсан иргэн, ААН нь хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад юу барих нь өөрийнх нь асуудал. Хотын Ерөнхий төлөвлөгөөнд ийм байршилд ийм юм барина гэсэн юм байгаа шүү дээ. Тэр төлөвлөгөөтэй уялдах ёстой” гэсэн мэдээлэл өглөө.

 

Одоогоор дуудлага худалдааны саналын хайрцгийг нээсэн ч оролцох хүсэлт ирээгүй байгаа гэв. Гэхдээ сонирхож байгаа хүмүүс их байгааг албаныхан хэлж байв.

 

Хэрэв дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй тохиолдолд дуудлага худалдаа явагдахгүй бөгөөд дахин зарладаг журамтай юм байна. Нээлттэй дуудлага худалдаанд хоёр ба түүнээс дээш оролцогч байж хүчин төгөлдөр болдог ажээ.

 

Дуудлага худалдааны доод үнийг яаж 7 тэрбум 155 саяаар тогтоосон тухай НӨХГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүү “Бид хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудад шалгаруулалт явуулдаг. Өдөр тутмын сонингууд руу хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ гээд зар явуулчихдаг. Түүний дараа хөрөнгийн үнэлгээ хийх саналаа ирүүлсэн компаниудыг ажлын хэсэг шалгаж үзээд туршлагатай компанийг сонгон шалгаруулж гэрээгээ байгуулсны үндсэн дээр хийдэг. Энэ барилгын үнэлгээг нэлээн туршлагатай Хөрөнгийн Үнэлгээний Төв гэж компани хийсэн байгаа. Гаргасан үнэлгээг нь Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлээд бага бол нэмэх эрх нь комисст байдаг” гэжээ.

 

 

Уг барилгын дуудлага худалдаа энэ сарын 30-нд 11:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.