Малайзын тугийг шатааж, эсэргүүцлээ илэрхийлнэ


Одоогоос 9 жилийн өмнөх аравдугаар сарын 19-ний өдөр Малайзад монгол бүсгүй Ш.Алтантуяагийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан. Эл хэргийн гэм буруутан өнөөг хүртэл илрээгүй хэвээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу охиныхоо үхлийн хэрэгтэй холбоотойгоор Малайзын төрийн далбааг шатааж, үнэн мөнийг тогтоолгохын төлөө эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн байна. Ингэхдээ Малайзын Куала Лампур хотын ойролцоо буюу түүний охины цогцсыг олсон газарт эсэргүүцлээ илэрхийлэх аж.

 

Тэрээр энэ талаар хэлэхдээ “Малайзын талаас миний нэр дээр туг ирүүлсэн. Маш том хэмжээтэй Малайз улсын туг байна лээ. Туган дээр “Үнэнч шударгын төлөө” гээд англиар бичсэн байгаа юм. Үнэн шударга зүйлийн төлөө шатаагаарай гэж ирүүлсэн юм. Би тэр тугийг нь өнөөдөр шатаана. Өөрөөр надад тэмцэх арга алга. Олон жил явлаа шүү дээ. Нэг улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон тугийг шатаах гэж байна. Шатаасныхаа төлөө хэрэгтэн болсон ч хамаа алга” гэжээ.