Дижитал хамтлагийн Эрка гадаадынханд үнэлэгдэв


Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож, нэгэн үе хүүхэд залуусыг байлдан дагуулсан хамтлаг бол яах аргагүй "Дижитал" хамтлаг юм. 1999 онд байгуулагдсанаасаа хойш гаргасан дуунууд нь залуусын дунд хит болж, ухаарал, хайр дурлал, сайн сайханд уриалан дуудсаар ирсэн билээ.

Тэд хийсэн бүтээснийхээ төлөө ямар нэгэн цол гуншин, гавьяа шагнал горилдоггүй. Үүний нэгэн тод жишээ бол 15 жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж буй тус хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу олноо Эрка нэрээрээ хоногшсон авъяаслаг залуу юм. Уянгалаг цээлхэн хоолойгоороо хамтлагийнхаа гол ачааг үүрэхээс гадна ганцаарчилсан уран бүтээлээ ч гаргаад амжсан хөдөлмөрч залуу хэмээн урлагийнхан дундаа нэр хүндтэй нэгэн.

 

Хоёр ч удаа соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм цол тэмдэгээс татгалзаж байсан Эрка Азийн Холливуд гэгддэг Хонг-Конг улсад нээлтээ хийж буй “Бохир ертөнц” киноны нээлтэнд оролцож ая дуугаа өргөжээ. Нээлтийн үйл ажиллагаанд "Энэ бол хайр" дуугаа дуулахад үзэгчид гайхалтай сайхан хүлээн авч Хонг-Конгийн хөгжмийн продюссерууд цаашид хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Авъяаслаг залуу маань өндөр хөгжилтэй орны хөгжмийн экспэртүүдэд нүдлэгдээд амжсан тул цаашид азийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргах боломжийг нээсэн бололтой. Цаашдын их ажилд нь амжилт хүсч, эх орныхоо нэрийг өндөрт гарган уянгалаг хоолойгоо дэлхийд сонордуулахыг хүсье.