“Мартагдашгүй” үдэш бут авав


Монголын поп урлагт 1990-ээд онд хүч түрэн орж ирсэн хөвгүүдийн таван хамтлаг өнгөрсөн бямба гарагт нэгэн тайзнаа чуулж “Мартагдашгүй” тоглолтоо хийн үзэгчидтэй гурван цаг бут авав. Энэ бол “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан юм. Үе үеийн залуусын зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ эзэгнэсээр байгаа тэднийг танхим  дүүрэн үзэгчид халуухан алга ташилтаараа тэтгэн дуу бүрийг нь даган дуулж, бүжиглэж байсан юм.

 

“Мартагдашгүй” тоглолтод “Номин талст” хамтлагийнхан оролцоогүй. Тус хамтлагийн ахлагч Д.Батсүх тайзнаа гарч ирэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлэн “Манай хамтлагийн гишүүнд уй гашуу тохиолдсон учраас бид энэ удаагийн тоглолтод оролцож амжсангүй. Хүлцэл өчье” хэмээв.

 

Попын хөвгүүдийн таван хамтлаг нэгдсэн энэхүү тоглолтын бүх орлогийг тэд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргийн эмчилгээний  зардалд хандивлахаар төлөвлөөд байсан ч тэрээр энэ сарын 7-нд хорт хавдрын улмаас бурхан болсон юм. Тиймээс тоглолтын бүх орлогийг хорт хавдартай хүүхдүүдэд зориулан хандивлана гэдгээ тэд тайзнаа дуулгасан юм.

 

“Мартагдашгүй” тоглолт хэзээ ч мартагдашгүй хөвгүүдийн хамтлагтайг дахин сануулж чадсан юм.