Зураг бүхэн түүхийн гэрч


Квантуны армийн командлагч асан, генерал Ямада Отозо Хабаровскийн шүүх хурал дээр эцсийн үгээ хэлж байгаа түүхэн зургийг бид энэ удаагийнхаа “Зураг бүхэн түүхийн гэрч" буландаа онцолж байна. Энэхүү зургийг В.Байдалов 1949 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан бөгөөд эдүгээ Оросын үндэсний кино зургийн архивт 0-202131 дугаартайгаар хадгалагддаг ажээ.

 

Японы Эзэн хааны зэвсэгт хүчний Kвантуны армийн Ерөнхий командлагч Ямада Отозо 1881 оны 11 дүгээр сарын 6-нд Японд төрсөн. 1945 оны наймдугаар сарын 20-ны өдөр тэрээр 600 мянга гаруй цэргийн хамт бууж өгчээ. 1949 оны арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд Приморийн хязгаарын цэргийн тойргийн шүүх Ямада болон Японы олзлогдогчдод холбогдох хэргийг нээлттэй хянан хэлэлцсэн байна.

 

Kвантуны армийн командлагч асныг бактериологийн дайны бэлтгэл ажлыг чиглүүлэн удирдаж байсан хэмээн буруутгажээ. Тус шүүх хурлаас түүнд Хөдөлмөрийн лагерьт 25 жил хорих ял оноож, 1950 оны гуравдугаар сарын 12-нд Чернцы лагерьт аваачсан байна.

 

Тэрээр гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, шоронд 5 жилийн хугацаатай ял эдэлжээ. 1956 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 насанд нь шоронгоос сулласан байна. Ямада Отозо 1965 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 83 насандаа нас барсан гэж түүхийн хуудаст тэмдэглэжээ.

 

-КВАНТУНЫ АРМИ БУЮУ ЗҮҮНИЙГ ХАМААРАХ АРМИ- 

 

Квантуны арми гэдэг нь “Зүүнийг хамаарах арми” гэсэн утгатай бөгөөд хуучин Японы эзэнт гүрний хуурай замын цэргийн томоохон бүлэглэлүүдийн нэг юм. Дэлхийн II дайны үед Японы нийт зэвсэгт хүчин 7 сая албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байсан. Хуурай замын цэрэгт 5 сая нь ногдож байснаас Өвөр Монгол, Манжуур, Зүүн хойд Хятад, Солонгост 1.5 сая цэргийн албан хаагч нь байрлаж байжээ.

 

Манжуурын өмнөд төмөр зам болон Шандонгийн хойгт харуул хамгаалалт хийх нэрийдлээр байгуулагдсан цэргийн нэгтгэлүүдийг байгуулсан нь стратегийн дөрвөн зорилго агуулж байсан аж. 

 

Нэгд, ирээдүйд Төвд, дорнод Туркестан, Монгол, ЗХУ-ын Сибирь, Өвөр Байгаль, Алс дорнодод халдах; хоёрт, Төв болон зүүн, зүүн өмнөд Хятад явуулж буй байлдааны ажиллагааны түшиц бааз, хуурай замын цэргийн ар талын бэлтгэл-нөөцийн бүрэлдэхүүн болж байсан.

 

Гуравт, тус бүс нутаг нь нүүрс, нефть, байгалийн хий, төмрийн хүдэр зэрэг Японд нэн хэрэгцээтэй байгалийн баялаг, түүхий эдээр элбэг. Тиймээс баялгийг нь эзэмшихэд тус бүс нутгийг бүрэн хяналтдаа оруулан байр сууриа баталгаажуулахад байжээ. Дөрөвт, ирээдүйд Дэлхийн II дайнаас өмнө болон дайны үед АНУ, Их Британи болон түүний холбоотнуудтай өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахад Японоос Эзэн хааны гэр бүлийнхэн болон Дээд Командлалын хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг нийслэл Токиогоос нүүлгэн шилжүүлж ирүүлэхэд оршиж байсан ажээ.

 

-КВАНТУНЫ АРМИЙН АЖИЛЛАГАА ЯПОНЫГ ДАЙНД ЯЛАГДАХАД 
ТҮЛХЭЦ БОЛОВ-

 

Квантуны армийн Жанжин штабын байр Лушуньд байрлаж, 1931 оны Мүгдэний интервенцээс хойш Манжуурын нийслэл Шинжинь (одоогийн Чанчунь)-д байрлах болжээ. Стратегийн зорилгоо хэрэгжүүлэх далимаар Халхын голд ялагдсан хонзонгоо авахаар ЗХУ-д Нацист Герман халдан довтолсон цагаас дахин Зөвлөлт, Монголын хил дээр цэргээ хуримтлуулж, илүү няхуур “Кантокуэн” хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан аж.

 

Энэ тухай өгүүлсэн Япон улсын болон Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив, Монгол Улсын ТЕГ-ын Архивын материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг одоо ил болжээ. Тухайлбал, Өрнөд Манжуурын 1 дүгээр фронт, Дорнод Манжуурын 3 дугаар фронт, Солонгосын 17 дугаар фронт гэсэн 3 цэргийн тойрогт хуваагдаж, зөвхөн Токиогоос ирэх Эзэн хааны Жанжин Штабын тушаалыг хүлээж байжээ.

 

Энэхүү армийн хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа Японы эзэнт гүрнийг Дэлхийн II дайнд ялагдахад их түлхэц болжээ. Тэдний Солонгосын хойг, БНХАУ-д явуулсан харгислал одоо үед ч БНХАУ-аас Япон улсыг дарамтлах хамгийн том шалтаг шалтгаан болдог байна.

 

Мөн Квантуны армийн командлалд байсан анги нэгтгэлүүдийг Ази Номхон Далайн фронтын Бирма, Филлипин, Индонези болон баруун, төв ба зүүн Хятадад байлдаж байсан бусад хуурай замын цэргийн командлалуудын мэдэлд болон дээрх фронтын хэсгүүдээс анги нэгтгэлүүдийг Квантуны командлалын мэдэлд сэлгэн шилжүүлж байсан аж. Энэ нь Токиогоос огт хамааралгүй, зөвхөн армийн командал нь дур зоргоор шилжүүлж, аливаа үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг няцаасан баримт болжээ.

 

-МОНГОЛЫН ХИЛИЙН ОЙРОЛЦОО БАКТЕРЛОГИЙН ЗЭВСЭГ БЭЛТГЭЖ БАЙЖЭЭ-

 

Квантуны арми нь Японы эзэнт гүрний түүхэнд цэрэг зэвсгийн хүчээрээ хамгийн хүчирхэг арми байжээ. 1931 онд 15 мянган хүний бүрэлдэхүүнтэй байсан аж. 1938 онд гэхэд империалист Япон их хэмжээний газар нутаг эзэлж, Квантуны армийн хүн хүчний тоог 200 мянга, найман дивизэд, 1940 онд 12 дивиз 300 мянган хүнд хүргэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байхад фашист Германы холбоотон Япон 1941-1943 онд алс дорнодод Манжуурт байсан цэргийн хүчээ 15-16 дивиз буюу 700 мянгад хүргэсэн байна.

 

1945 онд Квантуны армид үндсэндээ долоон арми, агаарын цэргийн хоёр арми, Сунгарын тэнгисийн цэргийн хүчин багтаж байжээ. Үүний зэрэгцээ Манж-гогийн арми, Өвөр Монголд Дэ-Вангийн болон Суйюанийн армийн групп багтаж байсан аж. Квантуны армийн бүрэлдэхүүнд нийтдээ нэг сая 320 мянган цэрэг, 1155 танк, 6260 их буу, 1900 нисэх онгоц, 25 хөлөг онгоц байжээ. 

 

Хоёр хотыг нь цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөн учир Япон улсыг үг дуугүй бууж өгөхөд хүргэсэн гэсэн яриа байдаг. Гэхдээ зарим шинжээчид ялангуяа америкийн судлаачид Квантуны арми ялагдсанаар Японы эзэн хаан ямар ч эсэргүүцэх чадалгүй болсондоо бууж өгсөн гэж үздэг байна. Япончууд манжуурын нутагт Монголын хилийн ойролцоо 731 дүгээр отряд гэгчийг байгуулж, бактерлогийн зэвсэг бэлтгэж байжээ.

 

Японы алдартай улс төрч, Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг (“Comfort women system” ажиллагаа) байсан хэмээжээ. Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам зориг, боломж олгодог байсан аж. Зөвхөн Японоос гэхэд 200 мянга гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн сексийн боол болжээ. Түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Индонез, Тайванаас эмэгтэйчүүдийг авч байсан аж.