Армиас хөрөнгөжсөн хурандаа нар нэг бус нэлээд хэд болсоныг уншигч та өдгөө андахгүй болсон. Энэ удаа бид Зэвсэгт хүчнээс хөрөнгөжиж буй, цагаандаа гарсан нэгэн хурандаагийн тухай баримтыг дэлгэхээс өөр аргагүйд хүрлээ. БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, одоо ахлах мэргэжилтэний ажилтай, хурандаа Б.Батбаяр Зэвсэгт хүчинд хуваарилагдсан орон сууцыг хувьдаа завших асуудалд гарших болжээ. Тэрбээр одоогийн байдлаар төрөөс цэргийнхэнд өгсөн орон сууцны квотоос дөрвийг ч авчихаад байна. Уг нь төрөөс албан хаагчдаа дэмжиж нэг ажилтанд нэг л орон сууц өгөх учиртай баймаар. Гэтэл овжин, сэргэлэн хурандаа Зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй мянга мянган албан хаагчдаас ганцаараа дөрвөнтэй байрны хангалт эдэлжээ.
Тодруулбал Б.Батбаяр хурандаа анх цэргийн байгууллагаас Налайхын Гордокт байр авчээ. Үүний дараа Нийслэлийн 72 дугаар дэлгүүрийн ард төрөөс цэргийн албан хаагчдаа дэмжин хөнгөлттэй үнээр барьж өгсөн 48 айлын орон сууцнаас мөн л байр аваад бусдад үнэ нэмж зарсан байна. Гурав дахь асуудлын тухайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Төрийн албан хаагчдаа дэмжих зорилготой 6 хувийн хүүтэй 4000 айлын орон сууц барих шийдвэр гаргаснаас цөөн хэдэн квотыг Батлан хамгаалах салбарт өгсөн. Энэ салбарын байртай, байргүй, хөгшин, залуу бүхий л албан хаагчдыг үл хайхран Б.Батбаяр хурандаа дахиад л уг квотын нэгийг сугалж чадсан нь ичгүүр, сонжуургүй цагаандаа гарсан явдал болов. Ийнхүү гурван ч байрны квот өвөртөлж чадсан Б.Батбаяр хурандаа саяхан БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд баригдсан 63 айлын орон сууцнаас дөрөв дэх байраа өөрийн эзэмшлийнх болгож чадлаа. Монголын мянга мянган эрс эх орныхоо төлөө тангараг өргөн зүтгэж байгаа ч өнөөдөр цалин, хангамж тааруухан гэх энэ салбараас хичнээн нь орон сууцтай, амьдрал нь тэгш яваа билээ.
Өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах гэж байгаа, ид зүтгэх насан дээрээ яваа ч орон сууцанд тухалж чадаагүй өч төчнөөн албан хаагч байхад ганцхан Б.Батбаяр гэдэг хурандаа төрийн дэмжлэгтэй, өртөг багатай байрыг дөрөв дөрвөөр нь аваад байж болохгүй биз дээ. Түүний энэхүү үйлдлээс харахад амиа хичээсэн, хүн чанаргүй, ичгүүр сонжуургүй, улаан цагаандаа гарсан хүний дүр төрхийг илтэд санагдуулна. Ер нь Б.Батбаярыг хүн чанаргүй, хувиа хичээсэн, албан тушаалын төлөө хэтэрхий шунасан нөхөр гэдгийг уг салбарт хамтран зүтгэж буй нөхөд нь шуудхан хэлдэг юм билээ. Тухайлбал тэрбээр шинээр томилогдсон дэд сайддаа “Бөртэ”-гийн Батсайхан гэдгээрээ танигдсан газрын даргаа матаж, өөрөө тэрхүү суудалд нь тухлах гэж санаархаж явсан удаатай.
Гэвч хэсэг хугацаанд уг газрын даргынхаа албанд үүрэг гүйцэтгэгчээр ажилласнаас гавиагүй тэрбээр энэ удаа сайддаа сайтар “далдагасныхаа” хүчинд дөрөв дэх байраа авч чадсан байна. Сүйхээтэй, овжин эрийн энэ мэт башир түүхийг бид дахин хүргэх болно.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна