Яруу найрагч Улаан-Үүд хотоос номын нээлтэд хүрэлцэн ирж, монгол хэлээр шүлгийн түүвэр нь орчуулагдан гарч байгаад талархан, шүлгээ уншин, нээлтэд оролцогчдод гарын үсгээ зурж номоо бэлэглэв. Мөн энэ үеэр номоосоо Улсын төв номын санд болон бүх аймаг, сумын номын санд бэлэглэж байгаагаа хүлээлгэн өглөө.
Энэ номыг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана түүний өмнө орос хэлээр хэвлэгдсэн номоос түүвэрлэн орчуулсан сонгомол шүлгүүдээр бүтээжээ. Тэрбээр, "Хүннү уулын нойрсогч өвс", "Танигдашгүй", "Бурхан багш" гэсэн шүлгийг нь орчуулгаасаа сонгон уншиж, цаашид Монгол туургатнаас төрсөн томоохон уран бүтээлчдийн бүтээлээс энэ мэтээр гаргахаар хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэдгээ хэллээ.
Ингээд Буриадын яруу найрагч С.Тумуровын номоо нэрлэсэн шүлгийг толилуулж байна.
ХҮННҮ УУЛЫН НОЙРСОГЧ ӨВС
Уудам тэнгэрийг чимээгүй бясалган
Уулс дээрээс минь өнгийнө.
Униарт хөтлөөр нь хүннүчүүд довтолгон гарч,
өнгөрсөн үеийн нам дороос биднийг нэвт
өртөөлөн гараад,
цаг хугацааны оргил тийш
давхилдсаар одно...
Эртний бурхадын хамтаар
Ийн чимээгүй замхран буцахад нь
Эрин зуунуудын гүн рүү шидэгдсэн чулууд
Бидний гүнд буй тэнгэрийг хагачина.
Хэлтэрхий нь хөлийн маань доор
Хэлгий цайвар нойрмог өвсний
цэцэгс болж ургана.
Өмнөх амьдралаас авч гарсан
түр зуурын бүлээн илчээ
Өнөө ч бид цааш зөөсөөр явна.
Өлийн салхитай хүйтэн оргил дээр
Хууч домгийн сэржим өргөхдөө
Өөрсдөө бид ахиад л тэнгэртэйгээ чацуурна.
*Хүннү уул Улаан-Үүд дэргэд орших бөгөөд нойрмог өвс гэдэг нь яргуйг нэрлэдэг нэгэн нэр юм.