Чингисийн талбайд наадмын “Хүндэтгэлийн тоглолт” эгшиглэж байна


Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд эгшиглэж байна. Анх удаа Хүндэтгэлийн тоглолтыг нийтэд нээлттэйгээр олныг хамруулан Чингисийн талбайд эгшиглүүлж байгаа бөгөөд тоглолтыг нээн Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын комиссын дарга У.Хүрэлсүх  мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.

 

Тоглолтыг нээн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, ДБЭТ, Улсын филармонийн нэгдсэн симфони найрал хөгжим, ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын нэгдсэн найрал дуучид, ҮДБЭЧ-ийн ерөнхий удирдаач Соёлын тэргүүний ажилтан Н.Буянбаатарын удирдлаган дор “Монгол Улсын төрийн дуулал”-ыг эгшиглүүллээ.

 

Цэлмэг хөх тэнгэрийнхээ дор үүлс угалзлуулан дуу хуураа хадаан бүжиг цэнгүүнээ ийнхүү өргөн олон наадамчиддаа зориулан дэлгэлээ.

 

Түүнчлэн ҮДБЭЧ, Улаанбаатар чуулга, Түмэн-Эх чуулгын бүжигчид, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн аялгуунд “Цацлын есөн хээ”-г сүлэн тайзнаа бүжлээ.

 

Монгол Уртын дуу “Эрхэм төр” энэ л цэнгүүний тайзнаа уртын дуучдын түрлэг дор эгшиглэн  одоогоос 2220 гаруй жилийн тэртээ Монголын нутагт Хүннү гүрэн байгуулагдаж байсан түүхийг өгүүлэх “Хүннү дууль”-ийг бүжигчид  амлуулан морин хуурын гоцлолууд хөг нэмэн цөс хөөргөнө.

 

Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулан байгаа сонгодог урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид “Сайхан Монгол орон”-г эгшиглүүлэн хөвч хангайгаар аялуулсан бол бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэлтээр ҮДБЭЧ-ын бүжигчид  “Тэнгэрийн цагаан шонхор”-ыг дэвэн дүүлэн мэдрүүллээ.

 

Дэлхийн сонгодог урлагийн олимп буюу П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байр, Гранпри шагналыг эх орондоо авчирсан Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар Хүндэтгэлийн цэнгүүнд Н.Жанцанноровын “Арвайн тал” бүтээлийг тайзнаа эгшиглүүлээ.

 

Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн тоглолтын тайзнаа ийнхүү монголын сонгодог сор болсон язгуур урлаг, үндэсний бүтээлүүд тоглогдохоос гадна П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Плачидо Домингогийн нэрэмжит аргил хоолойтны олон улсын уралдааны тэргүүн байр, дэлхийн дуурийн дуулаачдын  “Cardiff” уралдааны “Sutherland”-н нэрэмжит шагналт, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Риголетто” дуурийн Риголлетогийн ариг дуулах бөгөөд ДБЭТ-ын балетын гоцлооч Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож, балетын бүжигчид “Пахита” балетын Гран-паг толилуулна.

 

Хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд, зөвлөх найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын филармонийн ерөнхий найруулагч С.Сүхбаатар, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн, ДБЭТ-ын ерөнхий найруулагч Н.Туулайхүү, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, ДБЭТ-ын ерөнхий хормейстр Н.Дашбямба, туслах найруулагчаар ДБЭТ-ын туслах найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Сарантуяа, ҮДБЭЧ-ын бүжгийн албаны дарга, Соёлын тэргүүний ажилтан А.Баярсайхан, Улсын филормонийн туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун, ерөнхий продюсераар наадмын соёл урлагийн салбар хорооны гишүүн М.Есөнмөнх, продюсераар ҮДБЭЧ-ын ажилтан, Соёлын тэргүүний ажилтан Г.Цоггэрэл  нар ажиллажээ.

 

Хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд бүх нийтэд үнэ төлбөргүй дөрвөн цаг үргэлжлэн 19.00 цагт өндөрлөх юм.

Чингисийн талбайд үргэлжлэн

 

19.00-21.00 цагт: "Дээлтэй Монгол" наадам

21.00-22.00 цагт: Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол

22.00-01.00 цагт: "Учиртай гурван толгой" дуурь тус тус эгшиглэнэ.

 

Чингисийн талбайд үндэсний урлагийн гайхамшигт тоглолтыг  шимтэн үзээрэй.