”Хорын ерөндөг” номын нээлт боллоо


Зохиогч,  Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн  Стратеги бодлого төлөвлөлт хөгжлийн хэлтсийн дарга Х.Бат-Ирээдүйн "Хорын ерөндөг" ном нь Амьдрал, Хорын ерөндөг, Ухаарал, Өөрчлөлт, Хавсралт гэсэн таван бүлэгтэй. Нэг бүлэгт олон үзэл бодлыг нэгтгэх боломжгүй тул тал бүрээс нь харж нэг цөм болгохоор бичжээ.  Энэхүү номын гол агуулга нь Хувь хүний хөгжил, залуу хүний эерэг сэтгэлгээний тайлбар болсон залуучуудад зориулсан бүтээл юм.

 

Тэгвэл уг номын  нээлтийн ажиллагаа 2015 оны зургаадугаар сарын 25-нд “Интерном"-ын хоёр давхарт боллоо. Нээлтийн арга хэмжээнд  урлаг, улс төрийн зүтгэлтнүүдээс эхлээд багш, эмч, хуульч гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс ирсэн байснаас уг ном ямар өргөн цар хүрээг хамарсан бүтээл болохыг харж болохоор байлаа.

 

Аливаа зүйлд амар хялбар хүрэх, сөрөг хандлага, сэтгэлгээний хомсдол зэрэгт ерөндөг болж зохиогч өөрийн үзэл санаа, бодсон ухаарсан зүйлсийг олон талаас эргэцүүлэн байж гаргасан агууламжтай юм. Бүхий л зүйлсэд саад бэрхшээл байх хэдий ч тэр болгоныг даван туулах зөв гарц шийдэлд тулах болно. Энэ нийгмийн олон сөрөг үйл явдлуудад зохиогч өөрийн оношийг тавьж хорын ерөндөг үйлдвэрлэн та бүхэнд дэлгэж байна.

 

Бурууг баллан зөвийг бичиж болохын сацуу хорыг тан байдалд хувиргаж болно. Эрүүл мэндийг хамгийн дээд баялагт тооцож болох ч бие болоод сэтгэхүй эрүүл саруул байхыг төгс эрүүл хүн хэмээн үзнэ. Гэтэл өнөө цагт бүх хүн л шүүмжлэхийн хэнээ тусч, хийж бүтээхээсээ илүү бүтээж туурвиж яваа нэгэндээ хор хар санах боллоо гэхэд хилсдэхгүй.

 

Тэгвэл нийгэмд эрчээ аваад байгаа хар хор, залуусын сэтгэлгээнд хувьсал хийж, эерэг өрчлөлтийг авчрахаар Хүний их эмч, анагаах ухааны магистрант, эрх зүйч Х.Бат-Ирээдүй “Хорын ерөндөг” хэмээх өөрийн анхны бүтээлээ туурвисан байна.

 

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Стратеги бодлого төлөвлөлт, хөгжлийн хэлтсийн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн холбооны / MOSHA/  ерөнхий нарийн бичгийн дарга 

 

Х.Бат-Ирээдүй: 

 

- “Хорын ерөндөг" нэрнээсээ эхлээд л их сонирхолтой ном байна. Анх нийгэм рүү чиглэсэн бүтээл туурвих санаа яаж төрсөн бэ?

 

- Бид бүхэн мэдэж байгаа. Нийгэмд маш олон сөрөг зүйлүүд байна. Эмч хүн гэдэг утгаараа эдгээр зүйлүүдэд онош тавьсан. Сэтгэлгээний хувьд бүгд биш ч ихэнх залуусын сэтгэлгээ хордсон байна. Хүмүүс эрх мэдэл, албан тушаал, их мөнгөний урсгал дээр амар хялбар аргаар очихыг хүсдэг болсон байна.

 

Юмыг дандаа шүүмжилж, сөрөг талаас нь хардаг болсон байна. Энэ бүх зүйлүүдийг хараад залуучуудынхаа сэтгэлийг засах, сэтгэлгээг өөрчлөх үүднээс сэтгэлгээний чиглэлийн "Хорын ерөндөг" гэх номоо туурвилаа. Энэ ном бол хамгийн товчдоо залуу хүний эерэг сэтгэлгээний тайлбар толь юм.