Монголд улаан номд орсон ганцхан эрвээхэй бий


Өнгө өнгийн гоёмсог далавчтай эрвээхэйн араас хөөцөлдөх зуны улирал хаяанд иржээ. Үзэсгэлэнт цэцэгсийн дэлбээнд дурлан тоос хүртэх тэдгээр бяцхан амьтад тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр үзэгдэж эхэлдэг. Дэлхийд нийт 100 мянган төрлийн эрвээхэй бий. Тэдгээрээс ихэнх нь манай Монголд байдаг аж. Монголын уул тал, үзэсгэлэнт цэцэгтэй нуга хөндийгөөр тэд суурьшин амьдарна. Гадаа нар шарж, цэцэгс цомирлогоо нээж эхэлсэн энэ үед зуны хатан хаан эрвээхэйн тухай сонирхолтой баримт болон эрвээхэй судлаач Г.Оюунбилэгийн ярилцлагыг хүргэе.

Хар өнгөтэй эрвээхэй нисэх чадвар илүү

Саяхан нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Америкийн эрдэмтэд хар өнгийн далавчтай эрвээхэйн нисэх чадвар илүү байгааг нотолсон байна. Судалгаанд өнгө өнгийн, цоохор далавчтай болон тод, цулгуу өнгийн эрвээхэйнүүдийг нисгэж туршжээ. Харин хар эрвээхэй илүү өндөрт, хурдтай нисч байгаа нь эрдэмтдийн сонирхлыг татсан байна. Үүний тухай  Жоржиагийн их сургуулийн судлаач Andrew Davis хэлэхдээ “Өнгө амьдралд ийм хүчтэй нөлөө үзүүлдэг нь гайхалтай. Бид цаашид судалж өнгөний хоршилын нууцыг тайлах болно” гэжээ. Мөн шар, хар өнгийн холимог далавчтай эрвээхэй үржихдээ сайн бөгөөд амьдрах хугацаа нь хамгийн урт байдаг гэнэ.

Хүр эрвээхэй хамгийн аюултай

Манай улсад хамгийн ихээр тархсан төрөл бол Хүр эрвээхэй юм. Түүнийг том цагаан далавчаар нь ялгаж болно. Энэ эрвээхэй нь нам­рын ули­ралд авгалдайгаа шахах гэ­рэлтэй, дулаан газар хайн нүүдэллэдэг. Үүний тулд 150 км-ийн цаанаас нисч ирэх нь бий. Нийслэлд үзэгдэж буй эрвээ­хэйнүүд нь Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын ногоон бүс дэх ой хөвчөөс ирдэг ажээ. Хүр эрвээхэй нь хар модонд авгалдайгаа шахдаг. Намар гарсан авгалдай нь хавар бүрхүүлээ­сээ гардаг гэнэ. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг юм байна. Хүрэнцэр нь хав­рын турш модоор хоол­лож, модыг ихээр нь сүйт­гэдэг аюултай. Гэхдээ хавраас намар хүртэл хооллоод бусад үед хоол­лодоггүй. Хүрэнцэр долду­гаар сараас хүүхэлдэй шатандаа орж, улмаар наймдугаар сард эрвээхэй болдог. Энэ үед эр­вээхэй нь эвцэлдэж, авгалдайгаа шахах тохи­ромж­той газрыг хайн нүүдэллэдэг. Харин авгалдайгаа шахсан эрвээ­хэй шууд үхдэг ажээ. 

Торгоны хүр эрвээхэй хоёр сарын настай

Торгоны хүр хорхой гэгч нисдэггүй эрвээхэй хоёрхон сар насалдаг бөгөөд ямар ч амьтны үнэрийг 11 км холоос ялгаж мэдэрдэг хорвоод хосгүй чадвартай аж. Эхлээд тэрээр өндөг гаргана. Өндөг нь удалгүй хагарч дотроос нь бяцхан авгалдай гарч ирнэ. Өнөөх авгалдай  ургамлын навчаар хооллож, уран гоёмсог бат бэх үүрээ нэхдэг. Дараа нь түүн дотроо өнгө зүсээ хувиргаад нас гүйцсэн эрвээхэй болдог аж. Эрэгчин эрвээхэй нь эмэгчнээ тансаг үнэрээр нь таньж олдог аж. Тэд   нэгэн төрлийн модны навчаар нь хооллодог. Энэ мод нь Зүүн Ази, Хятад улсын хойд хэсэгт ургадаг юм байна. Анх 5000 жилийн тэртээгээс Хятадад хүр хорхойг үржүүлж эхэлжээ. Бие гүйцсэн эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ зургаан см урттай болдог.

“Одот” эрвээхэй хамгийн үзэсгэлэнтэй

Харин Монголд амьдардаг хамгийн үзэсгэлэнтэй эрвээхэй бол “Одот” юм. Тэрээр далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог, хээнцэр харагддаг аж. Далавчны урт нь 70-90 мм байдаг юм байна. Одот эрвээхэйн далавч гялтганасан цагаан болон тод хар өнгийн толботой. Тэд манай орны ойт хээрийн нутагт тархан нутаглажээ. Тэд ч нэг зуны настай бөгөөд долдугаар сарын дундуур үзэсгэлэнтэй төрхөө гайхуулаад наймдугаар сарын дундаас үзэгдэхээ больдог аж. Монголд эрвээхэйн чиглэлээр мэргэшсэн цөөн тооны эрдэмтэн, судлаач байдгийн нэг нь Г.Оюунбилэг юм. Тэрээр Германд байгаль хамгааллын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Түүнтэй эрвээхэйн тухай ярилцлаа.

 

Гурван жилд нэг удаа эрвээхэйн нүүдэл болдог

-Монголд эрвээхэй судалдаг цөөн хүмүүс байдаг юм билээ. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би Сэлэнгэ аймагт дунд сургуулиа төгссөн. Манай байгалийн ухааны багш настай эмэгтэй байлаа. Тэр хүн л надад байгаль дэлхий, ан амьтныг хайрлах үзлийг төлөвшүүлсэн гэж боддог. Багаасаа л байгаль хамгаалагч болно гэж мөрөөддөг байсан.

-Тэгээд л эрвээхэй таны сонирхлыг татаа юу?

-Би эрвээхэйн хатаамал хийдэг байсан юм. Тэр үеэс эрвээхэйн овог аймгуудын тухай сонирхож, судалж эхэлсэн. Судлах тусам сонирхолтой мөртлөө их өрөвдмөөр амьтан шиг санагддаг. Учир нь ихэнх эрвээхэй ганцхан зуны настай байдаг. Энэ нь тэдний хувь тавилан ч энэ хугацаанд амьдралын төлөөх ширүүн тэмцэл явагддаг юм.

-Та ихэвчлэн Монголд нүүдэллэдэг эрвээхэйн тухай судалдаг уу?

-Монголд их олон төрлийн эрвээхэй байдаг. Тэд бүгдээрээ өөр, өөрийн онцлогтой. Зарим нь том жижгээс гадна далавчтай, далавчгүй гэж бий. Жишээлбэл “Хивэн” эрвээхэй гурван мм далавчтай байхад Тогосон нүдэт, Бүгэг зэргийнх 30 гаруй см хүрдэг юм. Эрвээхэйнүүд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй. Тэр нь хуйлж цагирагласан хэлбэртэй. Энэ төрхөөрөө бусад шавьжаас ялгардаг.

-Та эрвээхэйн нүүдэл Монголоор дайрна гэж ярьсан. Тодруулаач?

-Энэ жил эрвээхэйн их нүүдэлтэй. Германы эрдэмтдийн яриагаар Орос, Монгол хоёрыг дайрах юм билээ. Ийм том хэмжээний нүүдэл гурван жилд нэг удаа заавал болдог. Манай хоёр орноос гадна Хятад, Америкийн мужуудаар ч дайрна гэсэн судалгаа гарсан байна лээ.

-Энэ нь тэгээд хэр муу, хор нөлөөтэй вэ?

-Хор хөнөөлтэй байлгүй яахав. Ойт хээрийн бүс нутгууд болон моддыг идэх аюултай. Хэрэв хоттой ойрхон өнгөрвөл хүмүүсийн хувцасанд шигдэж идэхээс гадна агаарын онцгүй байдлыг үүсгэх магадлалтай. Мөн эрвээхэйг дагаад өвчний нян орж ирэхийг ч үгүйсгэх аргагүй.

-Бусад улсууд үүний эсрэг ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Цогц арга хэмжээ авдаг юм билээ. Энэ нүүдлийг хэрхэн өнгөрүүлэх болон аюулыг урьдчлан сэргийлэх сургалт, эмчийн зөвлөгөөг оршин суугчиддаа өгдөг гэсэн.

-Манай Монголд ховор төрлийн эрвээхэй олон бий юу?

-Манай оронд Улаан номд орсон ганцхан эрвээхэй байдаг нь Одот. Гэхдээ тэр бүр үзэгддэггүй. Хэрэв хүмүүс энэ эрвээхэйг харахыг хүсвэл долдугаар сарын дундуур Сэлэнгэ, Хөвсгөл болон Архангай аймгийн нутагт очвол харж болно. 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
7 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

10 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

10 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

10 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

10 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

11 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

12 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна