Ботаникийн цэцэрлэгийн талбайд барилга бариулахгүй


Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дахь ”Чулуутын задгай” Төрийн бус байгууллагын хамт олон хорооныхоо иргэд болон Цагдаагийн академи,”Амгалан” цогцолбор,Цэргийн их сургуулийнхантай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдээр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ойр орчмын хогийг цэвэрлэж цэмцийлгэв.

 

”Ботаникийн цэцэрлэгээ аварч, хойч үедээ үлдээе” уриатай мод тарих хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 800 гаруй улиас,хайлаас,шинэс модоор бүл нэмлээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнг Зүүн бүсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүхий мини парк болгохоор баталсны дагуу “Чулуутын задгай” ТТБ нь иргэдтэйгээ хамтран хоёр хоногийн дотор 1300 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.

 

Учир нь, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг энэ хэвээр нь авч үлдээх ажлаа эхлүүлээд байна. Тус хүрээлэнгийн талбайд АУИС,Шүүхийн барилга барихаар муйхарлан зүтгэж буй хүмүүс уг газрыг авахдаа цэцэрлэгт хүрээлэнг тойрсон иргэдээс санал бодлыг нь сонсоогүй.

 

Үнэхээр барилга барих шаардлагатай бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны дахин төлөвлөлтийн байршилд барилга барих шалгуурт тэнцсэн компаниудад эрхийг нь өгөөд чөлөөлсөн талбай дээр барилгаа баривал нүдээ олсон ажил болно гэж хорооны иргэд үзэж байна. Хэрэв ийм шийдвэрийг дагахгүй бол өөрөөр хэлбэл Ботаникийн цэцэрлэгийн талбайд барилга барих гэж зүтгэх юм бол Баянзүрхчүүд хатуу тэмцэх болно гэдгээ илэрхийлж байсан юм.

 

Цэцэрлэгт хүрээлэнгээ бүрэн бүтнээр авч үлдэх гэсэн иргэд болон “Чулуутын задгай” ТТБ-ын үйл ажиллагааг мод тарих ажилд оролцсон бүх хүн дэмжиж санал нэгдлээ.