Хойд Солонгосын удирдагчид юу тохиолдсон бэ?

Admin
20 цаг 59 минутын өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн талаарх таамаг сэжиг хөвөрч байна. Ким Чен Ун хамгийн сүүлд олон нийтэд харагдсанаасаа хойш 34 хоног ямар ч сураг чимээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд хэвлэлүүд ч зүгээр суусангүй. Түүнийг хачирхалтайгаар “алга болсноос” хойш анх удаа өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв телевиз их удирдагчийн эрүүл мэнд таагүй байгаа талаар мэдээлжээ. Уг мэдээгээр мөн түүний эцэг 2011 онд зүрхний шигдээсээр нас барахаас өмнө зүрх судасны өвчнөөр олон жил эмчлүүлж байсныг дурдсан байна.  Ким Чен Ун эрүүл чийрэг хүн бас биш гэнэ. Тиймээс түүнийг зүрхний шигдээс эсвэл чихрийн шижин туссан хэмээн хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Өөр нэг таамаг нь түүнийг ясны сийрэгжилттэй гэх таамаг юм. Өнгөрсөн долдугаар сард түүнийг телевизээр гарахдаа илт доголж байсан бөгөөд түүнээс хойш удалгүй Ким Чен Ун шагайн мэс засалд орсон тухай мэдээлсэн юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар Ким Чен Ун эмчилгээ хийлгэхээр гадаад руу гарах магадлал тун бага гэнэ. Учир нь 2008 онд тус улс их удирдагчаа эмчлүүлэхээр Фарисаас мэдрэлийн мэс засалч Франсуа Хавиер Роуг урьж авчирч байжээ. Хэвлэлүүд Ким Чен Унаас гадна түүний нууцлаг эхнэр хаачсаныг “мөшгиж” эхэлжээ. Ким Чен Ун Ли Соль Чу нар сүүлийн таван жил хамт байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас хойш тэрээр олны өмнө харагдаагүй гэнэ. Нэг охинтой Ли Соль Чуг өнгөрсөн жил хөл хүнд болсон тухай мэдээлэл гарсан ч шинэ хүн мэндэлсэн тухай огт мэдээлээгүй билээ.

 

Ким Чен Уны хачирхалтайгаар алга болсныг тайлбарлах өөр нэг таамаг нь төрийн эргэлт юм. Гэвч ажиглагчдын хэлж буйгаар тус улсад цус асгаруулсан төрийн эргэлт гарсан байлаа ч дэлхий нийт үүнийг хэзээ ч олж мэдэж чадахгүй аж. Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгост гэнэтийн айлчлал хийсэн нь Хойд Солонгосын цэргийнхэний дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байж болзошгүй гэдэг сэжиг төрүүлж эхэлжээ. Учир нь Хойд Солонгост Ким Чен Уны дараа орох хоёрдугаар хүн болох дэд маршал Hwang Pyong-so Өмнөдөд сүүлийн таван жилд анх удаа томоохон айлчлал хийсэн байна.

 

Хойд Солонгос их удирдагчийнхаа талаар амьд сэрүүн, эрүүл саруул хэвээрээ гэсэн мэдэгдэл хийнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Хэрэв Ким Чен Ун өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Хөдөлмөрийн намын 69 жилийн ойн арга хэмжээнд очихгүй, олны өмнө гарч ирэхгүй бол тус улсын удирдагчид ямар нэг зүйл тохиолдсон нь гарцаагүй болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.