Г.Отгонцэцэг эдүгээ 31 настай. Тэрбээр 1983 оны гуравдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд айлын одонгийн охин гэгддэг.

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд сурч байсан нэгэн.

Уран бүтээлийн гараагаа “Хувьсал” продакшнаас эхэлсэн хэдий ч нэг их удалгүй гарч, УДЭТ-т харьяалагдах болсон. Энэ талаар тэрбээр “УДЭТ-т орсон нь 100 хувь зөв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл "Хувьсал" продакшн бол хувийн байгууллага. Дандаа залуу жүжигчид байдаг учраас бие биенээсээ суралцах зүйл бага. Бүгд адилхан сурч яваа залуус. Мөн тавьж байгаа бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэхээр чанартай ч гэсэн яг мэргэжлийн, бүр хүнд хүнд драмуудыг тавьдаггүй. Драмын театрт орсноороо үе үеийн олон жүжигчдээс суралцаж, их зүйлийг өөртөө авч байгаа. Улсын байгууллага болохоор бүх төрлийн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тавьдаг учир жүжигчин их хөгждөг. Нэгэнт би жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд үүгээрээ хоолоо олж идэх болохоор энэ мэргэжлийнхээ үр дүнг үзнэ гэж боддог” хэмээн тайлбарласан байдаг.

Түүний анхны дүр “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүр юм.

УДЭТ-ын сайхан бүсгүйн нэг гэгддэг тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлтэй билээ.

Одоогоос гурван жилийн өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан.

“Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээх гарчигтай ярилцлагыг тэрбээр 2009 онд өгч байжээ.

2010 оны арванхоёрдугаар сард “Чингис” зочид буудалд болсон “Rhodia” брэндийн шоуны үеэр нүцгэлсэн нь олон хүний амыг ангайлгасан. Зарим нь түүнийг зоригтой гэж магтаж байсан бол ихэнх нь үүнд шүүмжлэлтэй хандсан юм.

Нэг хэсэг түүний нүцгэн зураг хэвлэлээр гаран шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл энэ талаар жүжигчин Г.Отгонцэцэг "Манай нэг найз сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг байсан юм. Тэгээд надад санал тавьсан. “Монголд гарахгүй сэтгүүл байгаа юм. Миний найз зочноор нь оролцоод ярилцлага өгөөд иймэрхүү маягаар зургаа авахуулаад өгөөч гэсэн. Одоо бодоход тэр үед их гэнэн, жаахан байж. Ямар ч зүйл бодолгүй тийм зураг авахуулчихсан. Гэхдээ их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ. Хамгийн сонин нь сэтгүүл гарснаас хойш гурван жилийн дараа зураг нийтэд цацагдсан. Эхэндээ надад их эмзэг туссан л даа. Намайг янз бүрээр л бичсэн. Түүнээс биш хүн амьтныг дуурайж, мөнгө төгрөг авч нүцгэлээгүй. Зүгээр л найздаа туслах гэж л тийм зураг авахуулчихсан юм" хэмээн олон жилийн дараа хариулт өгсөн байсан.

Тэр сексийн талаар илэн далангүй ярьдаг нэгэн. Мөн тэрбээр нэгэн ярилцлагадаа “Мэдээж хэрэг секс гэдэг бол амьдралын зайлшгүй шаардлагатай хэрэгцээ шүү дээ. Секс бол амьдрал биш, амьдралын хэрэгцээ гэж би ойлгодог. Үнэхээр хайртай хүнтэйгээ хаана ч, ямар ч нөхцөлд, хэний ч өмнө хийж чаддаг л байх хэрэгтэй. Хэнтэй ч хамаагүй таарсан болгонтойгоо хаа сайгүй хийх биш. Секс гэдэг чинь өөрөө их ариун нандин байх зүйл. Хүмүүст баяр баясгалан эрч хүч энерги өгдөг зайлшгүй шаардлагатай витамин гэж хэлж болно. Тийм болохоор таарсан хүнтэйгээ хамаагүй хийх юм бол утгагүй. Үнэхээр энэ миний амьдралын хань, найз залуу гэж боддог, хүн болгон тэднийг мэдэж байгаа тохиолдолд яагаад сексийг хаана ч хийж болохгүй гэж. Хаана ч хэний ч өмнө хийж чадаж байж л илүү их таашаал авна гэж боддог” хэмээн илэн далангүй ярьсан байх юм. Мөн тэрбээр өөрийгөө их секси гэж боддог гэнэ лээ. Хүмүүс ч тэгж хэлдэг гэнэ. Бүр ямар ч хувцас өмссөн секси харагддаг гэж хэлдэг тухай тэр ярьсан байна.

Түүнд сэтгүүлийн нүүрэн цээр нүцгэн зургаа авахуулах санал дандаа ирдэг ажээ. Энэ түүнд их хэцүү санагддаг гэнэ. Тэрбээр энэ тал дээр “Нүцгэн зураг авахуулна гэдэг хэзээ хаана ямар тохиолдолд гэдгээ бодох хэрэгтэй. Түүнээс биш юм л бол нүцгэлээд байвал утгагүй. Клипэнд, кинонд ч нүцгэлээд бүх юман дээр нүцгэн зургаа тавиад байвал утгагүй биз дээ. Яахав нэг бодлын чөлөөтэй, нээлттэй юм шиг санагдах байх. Хувь хүний зүгээс өөрийн үнэ цэнэ гэж байх хэрэгтэй. Намайг аймаар л нүцгэлдэг гээд байдаг юм. Яг үнэндээ учиргүй нүцгэлээд, секс хийж тоглосон кино, клип байхгүй. Хүмүүс тэгж хандаад байхаар гайхдаг. Бодвол миний төрхөөс шалтгаалдаг байх л даа” хэмээн хариулжээ.

Тэр хоолны дэглэм барьдаггүй, дуртай амттан, хүссэн хоолоо иддэг аж. Мөн тэрбээр хэдэн цагт ч хамаагүй иддэг, бүр шөнө орой ажлаа тараад 2, 3 цагт ч хамаагүй өлсөж л байвал иддэг гэнэ шүү. “Хоолоо сойгоод эм тан уугаад байдаггүй. Фитнессээр хичээллэдэг ч ажлын онцлогоос болоод тогтмол хичээллэж чаддаггүй” хэмээн ярьжээ.

Түүний мөрөөдөл Холливуудын кинонд дүр бүтээх бөгөөд хэрэв боломж гарвал алдарт “Broadway” театрт мөнгө хайрлахгүй мюзикл үзэхийг хүсдэг аж.

Тэр гоо сайхны мэс заслыг байх л асуудал гэж үздэг. Гэхдээ бүх юмаа засуулна гэдэг дээр санал нийлдэггүй аж. Энэ тал дээр тэрбээр “Олны танил болсон хүмүүсийг л хэл аманд өртүүлж гоочлох гэсэндээ хиймэл энэ тэр гээд байдаг. Монголын нөхцөлд пластик мэс засал маш их хөгжиж байна. Эмэгтэйчүүд ч биш эрэгтэйчүүд маш их хийлгэдэг болсон. Энэ тал дээр нэг их эмзэглээд байх юм биш гэж би боддог. Хүн болгон өөрийнхөө сэтгэлд нийцсэн гоё байхыг хүсдэг шүү дээ. Дандаа л гоочлоод байдаг нь утгагүй санагддаг. Бүр бүх юм нь хиймэл байна гэж юу байхав. Ганцхан урлагийнхан биш энгийн хүмүүс ч давхраанаас авахуулаад бүгд л хийлгэж байна. Энэ чинь тийм сонин хачин зүйл биш” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Г.Отгонцэцэг арван жилийн сурагч байхдаа топ модель Д.Болормаагийн шавь байжээ. Оюутан болсноор жүжигчний мэргэжилдээ илүү анхаарч сонирхлоосоо бага зэрэг хазайсан ч одоо хэр гандан бууралгүй загварын тайзан дээр ганц нэг алхаж яваа харагддаг. Тэрбээр загвар өмсөх санал ирвэл татгалзаж чаддаггүй гэнэ лээ.

Түүнийг нүцгэлэх дуртай гэж ярьж, бичдэг боловч тэрбээр үүнийг мэргэжлийн талаас байх зүйл хэмээн үздэг гэдгээ нуудаггүй. Харин тэрбээр сүүлийн үед ирээдүйн дурлалт залуудаа зориулан гоо үзэсгэлэнгээ хөрөг зурагт мөнхлөх нууцхан мөрөөдөлтэй болоод байгаа гэнэ билээ. Г.Отгонцэцэг “Хань ижил, үр хүүхэд минь миний зургийг хараад бахархаж байгаасай. Залуу нас, гоо сайхныг үнэлж байвал гоё шүү дээ” гэжээ. Тэрбээр Монголын нэртэй чадварлаг зураачаар өөрийнхөө хөргийг зуруулна гэж ам алдсан гэсэн шүү.
































