З.Энхболдын тэнцвэртэй шийдвэр

Admin
15 цаг 26 минутын өмнө

2014 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үеэр хэлсэн УИХ-ын даргын үг ард түмэнд эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлсон бол энэ чуулганы хугацаанд УИХ-ын даргын гаргасан нэгэн шийдвэр ч бас олны анхаарлыг татлаа. Учир нь тэрээр УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд орох эрхийг хязгаарласан гэж гомдоллож байсан Ардын намынхны гомдлыг тайлж байнгын хороодын бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ж.Эрдэнэбат нарын 14 гишүүнийг долоон байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулжээ. Улсын Их Баяр наадмын өмнө гаргаж байгаа энэхүү шийдвэр нь УИХ-ын дарга З.Энхболд эрхэм 76-чуудын ангийн даргын хувьд сурагчиддаа алагчлалгүй ханддаг болохыг батлах шиг боллоо. Эргэн сануулахад 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардын намын гишүүд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд бүлгээ байгуулаагүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнд орж чадаагүй юм. Хоёр жил үргэлжилсэн энэ гомдол УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар шийдэгдэж, байнгын хороод намрын чуулганаас эхлэн намын хувьд тэнцвэртэй ажиллахаар боллоо хэмээн зарим гишүүд баяртай явна. Харин энэ шийдвэрийг гаргасан УИХ-ын дарга сүр дуулиан болгож асуудлыг дөвийлгөсөнгүй, хэвлэлээр зарлаж рекламдсангүй, чуулган өндөрлөж, эрхэм гишүүд Улсын баяр наадмаа тэмдэглэхээр нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залжээ.

 

Д. Батсүх