Гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 5 сарын 1-нээс 5 сарын 6-ны хооронд Герман улсын Франкфурт хотноо болох гэж байна. Уг тэмцээнийг хоёр жил тутамд “Дэлхийн үсчин гоо засалчдын холбоо”-ноос (OMC) уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин манай орны хувьд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа өргөн бүрэлдэхүүнтэй буюу оролцогч, төлөөлөгч, шүүгчдээс гадна бусад багийн дасгалжуулагчаас бүрдсэн 25 хүн оролцохоор бэлтгэлээ базайж эхэлсэн байна. Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд байгуулагдаж, “Дэлхийн үсчин гоо засалчдын холбоо”-нд 60 жилийн дараа 60 дах орноор элсэн орсон түүхтэй. Энэ жил манай улсаас эрэгтэй багийн төрлөөр 5 хүн, эмэгтэй үсний тайралт төрлөөр 2 хүн, хуримын болон тайзны нүүр будалтын төрөлд 2 хүн, бүтэн биеийн будалтын төрөлд 1 хүн, тэмцээнийг шүүх 3 шүүгч оролцохоор болжээ. Тэмцээнд оролцогчдыг мэргэжлийн ур чадвар, ялгарах онцлог, уралдаан тэмцээнд оролцсон туршлагыг үндэслэн сонгосон ба харин шүүгчид нь дэлхийн шүүгчдийн шалгалтыг 2014 онд өгч тэнцсэн чадварлаг шүүгч нар болохыг “Үсчин, гоо засалчдын холбоо”-ноос онцлон мэдээллэсэн юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын захирагчийн алба, бүх дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс туршлага солилцох хүмүүс багтсаныг дуулгах нь зүйтэй болов уу.
Ойролцоогоор 800-аад оролцогчтой дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээн нь өргөн хүрээний хүлээн авалт, үзэсгэлэн яармаг, улсуудын танилцуулга, ивээн тэтгэгчдийн шагнал болон олон арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагддагаараа онцлог юм. Хэдийгээр Монгол улс 60 жилийн дараа энэхүү том холбоонд нэгдсэн ч Азийн аварга алтан медалийг 2 удаа, Европын аваргын тэргүүн байрыг 1 удаа тус тус хүртэж байсан ба богино хугацаанд дэлхийн хэмжээний өрсөлдөгч болж чадсан нь манай орны үсчин, гоо засалчдын ур чадварын илэрхийлэл билээ. Ийнхүү баг тамирчдадаа амжилт хүсье.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна