-Гаалийнхан хил нэвтрүүлэх тамга дарсан байжээ-
Түүх соёлын дурсгалт, эртний эдлэлүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрынхан илрүүллээ. Буддын шашны холбогдолтой эд өлгийн зүйлсийг Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор манай улсын харьяат нэгэн эмэгтэй авч гарах гэж байгаад баригдсан аж. Түүх соёлын дурсгалт зүйлсийг БНХАУ-ын харьяат нэгэн эр манай улсаас цуглуулан, уг эмэгтэйн тусламжтайгаар хил гаргах гэж байсан гэнэ. Бидэнд байгаа мэдээллээр Хилийн тагнуулын албаныхан манай улсад амьдардаг, эртний эд өлгийн зүйлс худалдаж авч цуглуулдаг хүмүүстэй холбоотой баримтуудыг цуглуулж байхдаа эртний эд зүйл хууль бусаар хил давуулах гэж буй талаар мэдээлэл авсан гэнэ.
Монгол, хятад иргэд үгсэн хуйвалдаж, манай орны өнцөг булан бүрээс ийм зүйл цуглуулдаг тухай мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд байдаг. Хятад иргэд хил дагуух аймгийн иргэдтэй уулзахдаа “Тэр аймгийн тэр сумын нутагт тэднийд эртний маш ховор бурхан тахил, эд өлгийн зүйл байдаг. Түүнийг нь авч ирвэл төчнөөн төгрөг өгье” хэмээн тохиролцдог тухай баримт ч бий. Мөн хятадуудын захиалгаар булш хиргисүүр ухаж, тонодог бүлэг этгээд орон нутагт явж байгаа тухай мэдээлэл ч хууль хяналтын байгууллагад ирсэн гэнэ.
Ингэж хууль бусаар олсон эд зүйлээ Эрээнд аваачиж хятадуудад худалддаг бөгөөд тэнд эртний эдлэлийн дэлгүүрүүд хуучны эд өлгийн зүйлс худалдаж авдаг болжээ. Тэдгээр дэлгүүрийн барааны 80 гаруй хувь нь Монголоос аваачсан зүйлс гэнэ. Энэ долоо хоногийн эхээр хилээр гаргахыг завдсан эд юмс дотор шавар болон гуулин бурхан, бүрээ, хонх, цөгц, очир, хүрлийн үеийн хутга гээд бурхан шашны холбогдолтой эд зүйлсээс гадна монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн хэт хутга, гаанс, хос ногоон хаш хөөрөг, солирын хэлтэрхий гээд олон зүйл байгаа гэнэ.
Нэг удаагийн үйлдлээр хил давуулах гэж байсан энэ зүйлсийн үнэлгээг хараахан тогтоогоогүй байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Цагдаа, хилийн тагнуулын байгууллагынхан солирын хэлтэрхий гэж тогтоогоод буй зүйлийг хил давуулахыг завдсан хятадууд нь “Гянтболд” гэж тайлбарлаж буй гэнэ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар болон аймаг орон нутагт эртний эдлэл худалдан авдаг монголчууд байдаг, хэд хэдэн хятад хүн тухайн барааг нь үзэж сонгодог аж.
Тэдний сонгосон барааг нь Замын-Үүд болон хилийн бусад боомтоор гаргаж өгдөг зохион байгуулалттай бүлэг этгээд ч байгаа аж. Эдгээр барааг хилээр гаргахыг завдсан хятадууд өмнө нь маш олон судар гаргасан гэх мэдээлэл холбогдох байгууллагынхан аваад буй сурагтай. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжийн мэдээлснээр тэдний барааг гаалиар хил давуулахад гаалийн ажилтнууд туслах гэж байсан бололтой. Ачаа барааг нь шалгасан гэх тамга тэмдгээ тэд дарсан байжээ.
ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр эртний эдлэл хил давуулах наймаа улам нарийн зохион байгуулалтад орж, тэнд нь тангараг өргөсөн төрийн албан хаагчид оролцох болжээ. “Бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй” гэсэн тангарагаа зөрчиж буй тэдний энэ мэт үйлдлийг таслан зогсоохын тулд эрчимтэй ажиллаж буй гэнэ. Эдгээр түүх соёлын дурсгалт, эртний эд өлгийн зүйлсийг удахгүй үнэлгээ тогтоох, эртний эдлэл мөн эсэхийг тогтоох зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд үүний харьяалах музейд нь хүргүүлэх юм байна.
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ