Монголын анхны хувийн компаниудын нэг, “Голомт” банк болон “Бодь” групп үндэсний шилдэг аж ахуйн нэгж болтлоо мандан бадарч, олон улсад Монголын нэрийн хуудас болж байсан цаг саяхан. Харамсалтай нь өнгөрсөн оноос эхэлсэн тус компанитай холбоотой яригддаг байсан эргэлзээтэй олон асуудал үүсгэн байгуулагчид нь хөрөнгө, хувьцаагаа хуваан авцгааснаар олны анхааралд ил болоод байгаа билээ.
Монголын хамгийн том гэж хэлж болох үндэсний энэ компанитай холбоотой асуудал олон улсын хэмжээнд ч шуугиан тарьж эхэлжээ.
“Голомт” банк “Бодь” групптэй холбоотой асуудлаар “Bloomberg”-ийн сэтгүүлч Монголд ирж дараахь эрэн сурвалжилсан нийтлэл бэлтгэн хэвлүүлсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна. Тиймээс энэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.
“Голомт” банк гэрээгээ зөрчсөнөөр “Credit Suisse” групп арбитрийн шүүхэд ханджээ
Монгол улс бол асар их ашигт малтмалын нөөц бүхий газар нутагт оршдог бөгөөд одоогийн байдлаар 1,3 их наяд ам.долларын алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн нөөцтэй. Иймээс “Minegolia” гэж нэрлэгдэх болсон дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын нэг юм.
Гэвч “Minegolia” - аас зарим томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татахыг эрмэлзэж эхэлсэний нэгэн жишээ нь Монгол улсын “Голомт” банкинд үүсээд буй сүүлийн үеийн анхаарал татсан асуудлуудтай мөн холбоотой юм.
“Credit Suisse Group” болон Абу Даби - гийн хөрөнгө оруулалтын сан нь Монгол улсын эдийн засгийн хөгжлөөс ашиг хүртэх зорилгоор сүүлийн 5 – н жилд “Голомт “банкинд хувьцаа болгон эргүүлж авахаар хөрөнгө оруулсан юм. Bloomberg News – ийн цуглуулсан баримтуудаас үзэхэд, “Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн нэг нь санхүүгийн тайландаа тусгалгүйгээр зээл гарган, улмаар хэдэн жилийн турш нуун дарагдуулснаар барахгүй, холбогдох бичиг баримтуудыг устгасан болохыг тус банкны ТУЗ олж илрүүлсэн нь дээрх томоохон хөрөнгө оруулагчдын итгэл найдвар мөхөх хамгийн том шалтгаан болжээ.
Монгол улсын Төр, Засгийн удирдлагууд шинэ хөрөнгө оруулалт татахаар Хонг - Конг, Нью - Йорк руу ниссэнтэй зэрэгцэн Credit Suisse Group болон Абу Даби - гийн хөрөнгө оруулагчид “Голомт” банкийг гэрээгээ зөрчсөн гэх шалтгаанаар зээлээ буцаан төлүүлэхээр арбитрийн шүүхэд хандсан байна.
Bloomberg - ийн олж авсан баримтуудаас харахад,Credit Suisse, Абу Даби - гийн хөрөнгө оруулалтын сан нь 2007 оноос эхлэн “Голомт” банкинд нийт 35 сая ам.долларын зээл олгож, гэрээний дагуу “Голомт” банк нь санхүүгийн аудитлагдсан тайлангаа тогтмол танилцуулж байх, мөн 5 – н жилийн хугацаанд тус банкны олон нийтэд арилжсан хувьцаанаас эзэмшихээр зөвшилцсөн байжээ.
Харин 2012 он гэхэд банк хөрөнгийн зах зээлд ямар ч хувьцаа гаргаагүй бөгөөд Bloomberg News - ийн цуглуулсан баримтууд болон банкны салбарт нэр хүндтэй, нөлөө бүхий 2 эрхэмийн мэдээлснээр 2008 оноос эхлэн Японы худалдааны компанид төлөх ёстой байсан бүртгэлд ороогүй өрийг төлөөгүй байсныг хөрөнгө оруулагчид болон банкны ТУЗ - ийн зарим гишүүд, Гүйцэтгэх захирал нь мэдсэн байна.
Устгасан баримтууд
“Голомт” банк нь зээлийн гэрээнд заасны дагуу өнгөрсөн оны эхний гурван сарын хугацаанд багтаж, 2012 оны аудитын тайлангаа гаргаж чадаагүй байна.
2012 оны сүүлээр тус банкны санхүүгийн тайланд 3 компани аудит хийж, тэдгээрийн нэг нь цаашид аудит хийхээс татгалзаж, 2 компани нь банкны зарим удирдлагууд санхүүгийн бүртгэл, баримтуудыг устгасан гэж дүгнэжээ.
Банкны ТУЗ - ийн хүсэлтээр аудитын шалгалт хийсэн тэрхүү компаниудын нэг PricewaterhouseCooper LLP - гийн аудитын тайланд, банкны зарим удирдлагууд 2007 оны 8-р сараас 2008 оны 5-р сар хүртэлх 6800 гаруй баримт бичиг болон банк хоорондын шилжүүлгийн системээс бүртгэлийг устгасан хэмээн тэмдэглэжээ. “Эдгээр удирдлагууд одоог хүртэл тус банкинд ажиллаж байгаа” гэж PwC - гийн 2013 оны 8-р сарын 12-ны тайланд мөн дурьдсан байна.
Өнгөрсөн асуудлууд
“Голомт” банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа “Банк өнгөрсөн жилийн сүүлээр 2012 оны тайландаа аудит хийлгэж дууссан. Мөн Японы компанийн гомдлыг ч шийдвэрлэсэн” гэсэн байна.
Мөн “Эдгээр нь өнгөрсөн асуудал” хэмээн 2014 оны 1-р сарын 28-ны и-мэйлдээ дурдсан ба 2013 оны үр дүнгээр банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайн байгаа төдийгүй, өрийн харьцаа маш сайн буюу 57.1 хувьтай байсан талаар бичжээ.
“Голомт” банкны хуульч Б.Баяраа 1-р сард илгээсэн хоёр и-мэйлдээ банктай холбоотой гарсан эдгээр асуудлууд нь нэг талыг баримталсан, өрөөсгөл хэмээн тайлбарласан бөгөөд банкны ажилтанд хийгдэж буй эрүүгийн хэргийн хяналт шалгалт дуусаагүй байгаа учраас илүү нэмэлт мэдээлэл өгөхгүй болохоо мэдэгдсэн.
Тус улсын Төв банк болох Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлж буйгаар, Монголбанк нь Голомт банкинд хэд хэдэн удаа шалгалт хийсэн бөгөөд уг хяналт шалгалтын үр дүнг нууцалж, “Голомт банк аюулгүй бас тогтвортой” хэмээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2014 оны 1-р сарын 29-нд өгсөн ярилцлагандаа хэлжээ.
Хөрөнгө оруулагчдын болгоомжлол
Credit Suisse - ийн хэвлэлийн төлөөлөгч Josephine Lee Голомт банктай холбоотой асуудалд тайлбар өгөхгүй гэсэн бол Абу Дабигийн сангийн төлөөлөгч Mark Cutis энэ асуудлаар тайлбар өгөх эрхгүй хэмээн и-мэйлээр мэдэгдсэн.
“Голомт” банкинд болсон энэхүү үйл явдлын талаарх мэдээллүүд нь банк санхүүгийн салбарыг сайн мэдэх хүмүүсийн ярилцлага, аудитын тайлан, захианууд, зээлийн гэрээнүүд, гадаадын хөрөнгө оруулагчид болон банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлагуудын хоорондын уулзалт, ярилцлага болон хөрөнгө оруулагчдын арбитрын шүүхэд өгсөн өргөдөл зэрэг баримт, мэдээллүүд дээр тулгуурласан болно.
Монголын эдийн засгийн өсөлтөөс үл харгалзан гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсээр байгааг эдгээр баримтууд харуулж байгаа юм. 3 сая хүн амтай, газар нутгийнхаа хэмжээгээр Франц улсаас 3 дахин том Монгол улс нь 2011, 2012 онуудад дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын эхний 3-д буюу 17.5% - ийн ДНБ - ий өсөлттэйгээр багтаж байсан юм.
Гэсэн хэдий ч 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх 2 жилээс 50% - иар буурчээ. Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын томоохон 10 банкны 4 нь дампуурлаас сэргийлэн, хоорондоо нэгдсэн байна.
Монголын хөгжөөн дэмжигчдийн ахлагч
Хамгийн сүүлийн жишээ болох “Хадгаламж” банк нь Өмнөд Африкийн “Стандарт Банк” Групп ХХК - иас авсан 100 сая ам.долларын зээлээ төлөх чадваргүй болсноор 7-р сард Лондонгийн шүүхэд дуудагдсан байна. Хадгаламж банкнаас албан ёсны тайлбар авах гэсэн боловч хариу өгөх хүн олдоогүй юм. 2013 оны сүүлээр уг хэргийн талаар Монгол улсад ирсэн “Стандарт” банкны зөвлөхийг нэг сарын турш Монгол улсаас гарахыг нь хоригложээ.
“Би энд ирээд есөн жил болсон. Би Монголыг үнэхээр дэмждэг байсан” хэмээн банкны мэргэжилтэн Chris Bradley 2013 оны 12-р сард Австрали руу буцахын өмнө утсаар өгсөн ярилцлагадаа дурдсан ба “Одоо надад үнэхээр ичгэвтэр санагдаж байна” гэжээ.
“Голомт” гэдэг нь Монголын бөөгийн шашинд диваажин, дэлхийтэй холбогдох газар гэсэн утгатай бөгөөд ихэнх тохиолдолд нөхөрсөг сэтгэл гэсэн утгаар ашиглагддаг ба Голомт банк нь 1995 онд одоогийн Гадаад харилцааны яамны сайд Л.Болдын групп компанийн нэг хэсэг болон үүсгэн байгуулагдаж байжээ.
ЗХУ - ын 70 жилийн туршид үргэлжилсэн хараа хяналтаас Монгол улс гарах үед Л.Болд өөрийн дүүгийн хамт гадаадаас 6.5 сая ам.долларын эхлэлтийн хөрөнгө босгож, бизнесийнхээ эхлэлийг тавьж байсан гэж түүний дүү Л.Болдхуяг дурджээ. Түүнчлэн, Л.Болд оюутан байх үеийн 2 найзыгаа бизнесийн хамтрагч болгосон бөгөөд Голомт банкны толгой компани болох одоогийн Бодь Интернэшнл ХХК - ийн тус бүр 33 хувийг тэд эзэмшдэг байжээ.
Төлөгдөөгүй өрүүдийг судалвал:
Л.Болд 1996 онд УИХ - ын гишүүнээр сонгогдсоны дараа Бодь Интернэшнл ХХК - ийн удирдлагын эрхийг дүү Л.Болдхуяг болон Д.Баясгаланд шилжүүлсэн тухай банкны баримтад тэмдэглэгджээ.
Мэдээллээс үзэхэд, Голомт банкны асуудлууд нь 2007 онд Японы худалдааны компанид 65 сая ам.долларын аккредитив нээн, төлбөрийн баталгаа гаргаснаас эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын хувьд Д.Баясгалан нь энэхүү аккредитивийг баталсан Зээлийн хороог хариуцдаг байсныг FSI Capital буюу Дубайн хувийн хөрөнгө оруулалт, зөвлөгөөний компани аудитын тайландаа дурдсан байна. FSI Capital нь Голомт банкны ТУЗ - ийн захирамжаар 2012 онд илэрсэн төлбөрийн асуудлаар 2013 оны 3-р сард тус банкинд аудит хийсэн юм.
FSI хэлэхдээ, Голомт банк 2008 оноос эхлэн хэд хэдэн аккредитивийн төлбөрийн асуудалтай болсон бөгөөд эдгээр асуудлуудыг нэгийг ч удирдлага болон ТУЗ-д тайлагнаагүй байна. Тухайн үед ТУЗ - ийн дарга байсан Д.Баясгалан болон банкны дээд төвшний удирдлагууд нийлэн аккредитивийн баримт бичгүүдийг устгасан талаар тайланд тусгагдсан бөгөөд дараа нь PwC - ын тайланд ч мөн энэ талаар тэмдэглэгдсэн байна.
Төлбөрийн асуудалгүй
Д.Баясгалангаас энэ талаар ярилцлага авахаар түүний нэрээ нууцлахыг хүссэн туслахаар нь дамжуулан хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн боловч татгалзсан хариу авсаар байсан юм. Д.Баясгаланд бичгээр хүргүүлсэн асуултуудад тус банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа хариулахдаа, “Японы зээлийн асуудлыг шийдвэрлэсэн, банк төлбөрийн ямар нэгэн асуудалгүй” хэмээсэн байна. Харин бүртгэл нь устсан баримтуудын талаар тэрээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Л.Болд болон түүний дүүг энэ асуудалд буруутгаагүй бөгөөд Л.Болдоос тайлбар хүссэн боловч хариу өгөхгүй байсан юм. Харин түүний дүү Л.Болдхуяг нь “Л.Болд нь төрийн өндөр албан тушаалтан тул тайлбар өгөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн гурав дахь томоохон хувьцаа эзэмшигч, УИХ - ын гишүүн М.Зоригт нь өөрийн улс төрийн албан тушаалаас шалтгаалан, Голомт банкны тухай тайлбар хийх боломжгүй гэсэн и-мэйл ирүүллээ.
Энэхүү нийтлэлийн талаар сурвалжлагчтай холбогдох бол Токио дахь Yuriy Humber - гийн yhumber@bloomberg.net мэйл хаягаар холбоо барина уу.
Нийтлэлийн талаар редактортой холбогдох бол Jason Rogers – тай jrogers73@bloomberg.net хаягаар;
Peter Langan - тай plangan@bloomberg.net хаягаар тус тус холбоо барина уу.
Үргэлжлэл бий
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь