Голомт банк үнэхээр аюулгүй юу? хэрэглэгчид чинь итгэж болох уу?


“Блүүмбэрг”-ийн нийтлэлч Yuriy Humber өөрийн өнцөгөөс Голомт банкны талаар бичсэн нийтлэл нь дэлхий дахинд шуугиан тариад байгаа билээ. Олон улсын шилдэг банк, нэр төрийн баталгаа гэх олон сайхан рекламыг хэрэглэгчиддээ зориулан гаргадаг энэхүү банкны үнэн царай юу байсан бэ? “Монгол Улс алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд ойролцоогоор 1.3 триллион ам.долларын баялагтай. Гадныхан заримдаа Монголыг “Minegolia” гэж нэрлэдэг. Мөн дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улс. Гэвч, гадны хөрөнгө оруулагчид энэ улсаас гарахыг хүсэх болов. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Монголын хамгийн том зээлдүүлэгч гэгддэг “Голомт” банктай холбоотой дуулиан гарсан.

 

Тодруулбал, Швейцарийн “Кредит Сүисс групп” болон Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан “Голомт” банкинд сүүлийн таван жил хөрөнгө оруулж байгаа. Гэтэл эдгээр байгууллага “Голомт”-оос харилцаагаа таслах гэж байгаа бөгөөд энэ нь тус банк хөрөнгө оруулагчдад гаргаж өгсөн тайланд зээлийн мэдээллийг бүрэн тусгаагүй, гэрээний дагуу ажиллаагүй, санхүүгийн баримтуудыг устгасан зэрэг баримтуудыг “Блүүмбэрг Ньюс” дэлгэжээ. Хөрөнгө оруулагчдын аль аль нь “Голомт”-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзсэн ба хөндлөнгийн шинжээчдийг энэ асуудалд оролцуулж, сүүлийн саруудын зээлийн эргэн төлөлтийг нягтлахаар завдаж байгаа гэж мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн тус банкны удирдлагууд Хонгконг, Нью-Йорк руу нисч, шинэ хөрөнгө оруулагч хайж байгаа талаар мөн дурджээ. “Кредит Сүисс” болон Абу Даби хамтран 2007 оноос хойш “Голомт”-д 35 сая ам.долларын хөрвөх зээл олгосон аж. “Блүүмбэрг”-ийн мэдээллийн дараа энэ банкинд аудитын шалгалт хийхээр болжээ. Гэрээ ёсоор таван жил тутамд, хөрөнгө оруулагчид “Голомт”-ын хувьцаанаас тодорхой хэсгийг эзэмшихээр болсон байсан. Гэтэл 2012 он гарчихаад байхад IPO гаргах ямар ч нөхцөл бүрдээгүй байж.

 

Гол нь мөн онд гадаадын хөрөнгө оруулагчил, банкны ТУЗ-ийн гишүү, гүйцэтгэх удирдлага “Голомт” банк Японы худалдааны компанид 2008 оноос хойш төлбөр төлж байгаа талаар сонссон аж. Устгагдсан материалууд “Голомт” банк 2012 оны эхний гурван сарын санхүүгийн аудитын тайланг гаргаж өгөөгүй. Мөн оны сүүлчээр банкны ТУЗ-ийн дүрмийн дагуу шалгалт хийсэн байна. Тэгэхэд гарын үсгээр баталгаажуулаагүй аудитын баримт хавсаргаж, банкны менежерүүд санхүүгийн баримтуудыг устгасан нь илэрчээ. Тодруулбал, 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сар хүртэлх бэлэн мөнгөний шилжүүлгийн 6800 гаруй баримтыг устгасан гэж “PricewaterhouseCoopers”-ийн тайланд бичсэн байв. Гол нь материал устгасан хүмүүс одоо ч банкинд ажиллаж байгаа гэж дээрх байгууллага 2013 оны наймдугаар сарын 12-нд бичсэн тайландаа бичжээ. Өнгөрсөн асуудлууд “Голомт” банкны дэд ерөнхийлөгч Л.Болормаа “Банк 2012 онд аудитын шалгалтаар орж, итгэл даахуйц гэдгээ баталлаа” гэж мэдэгдсэн ба Японы компанийн санал гомдлыг шийдвэрлэсэн гэжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд хөрөнгө оруулагчид руу цахим шуудан бичихдээ “Энэ бүгд өнгөрсөн асуудал. Банкны зээлийн итгэлцэл 57.1 хувиар өссөн” гэж байсан аж. Харин “Голомт” банкны хуульч ажилтныхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Голомт” банкинд хийсэн шалгалтын үр дүнд итгэлтэй байж болно гэсэн байна. Тэрбээр “Банк аюулгүй” гэж нэгдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа дурдсан ажээ.

 

Хөрөнгө оруулагчдын зовнил “Кредит Сүисс”-ийн төлөөлөгч Жозефина Лий “Голомт”-той холбоотой асуудлаар тайлбар хийхгүй гэжээ. Харин Абу Дабигийн төлөөлөгч Марк Кутис энэ талаар ярина гэсэн ч одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Тэрбээр “Голомт”-той холбоотой асуудлуудыг нарийн авч үзэж, арбитр, аудитын шалгалтын дүгнэлт зэрэгт тулгуурлаж мэдэгдэнэ гэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сулрах хандлагатай гэж шинжээчид үзэж байна. Монгол Улс гурван сая хүн амтай ч, Францаас гурав дахин их газар нутагтай. Хамгийн өсөлттэй эдийн засагтай, ДНБ нь даруй 17.5 хувиар өссөн гэхээр чамгүй үзүүлэлт гарна. Гэвч эрхзүйн орчин нь бүдэг. 2011-2012 онтой харьцуулахад өнгөрсөн онд хөрөнгө оруулалт хоёр дахин буурсан. Ирэх таван жилд Монголын ТОП-10 банкны тав нь дампуурлаас хэрхэн мултрах талаар санаа зовних болно.