Б.Хавараа:Цагаан гаагаар үс ургуулж бас цагаан үсийг хар болгож болдог


Б.Хавараа:Цагаан гаагаар үс ургуулж бас цагаан үсийг хар болгож болдог 

 

Эгч дүүсийн салон гэдгээр нь хүмүүс сайн мэдэх Shining салоны гоо сайханч  Б.Хавараатай  ярилцлаа.

 

-Танай салоныг зорьж ирэгсдийн тоо өсч байгаа нь орж ирэнгүүт л анзаарагдаж байна. Байгуулагдаад хэр удаж байна?

 

-2008 онд байгуулагдсан.Зургаан жил өнгөрсөн байна. Энэ бол бага хугацаа биш  ээ. Анх  хоёр хоёрхон сандалтай үсчний газар нээж байлаа. Бид хоёр хоёулаа үсчин гоо сайхны мэргэжилтэй. Үйлчлүүлэгчдийн тоо өсөхийн хэрээр ажиллах хүч зайлшгүй хэрэгтэй болж одоо 20 орчим залуусыг ажлын байраар ханган ажиллаж байна.

 

-Улаанбаатарт үсчин гоо сайхны үйлчилгээ  үзүүлдэг  олон газар бий. Энэ бүгдээс танайх юугаар онцлог юм бэ. Онцлох ямар нэгэн ид шид байгаа учраас үйлчлүүлэгчид нэмэгдэж байгаа байх?

 

-Гадуур төрөл бүрийн үйлчилгээтэй олон салон үйл ажиллагаа явуулж байна. Тэр бүгдээс ялгарч сайн үйлчилгээ үзүүлэхгүй л бол зах зээлийн энэ өрсөлдөөнд үйлчлүүлэгчээ татах амаргүй л дээ. Манай салоны хамгийн гол ялгаа нь үс, арьс арчилгааны эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Хүмүүс ажлын зав, мөнгөний  боломжоосоо шалтгаалаад хаа таарсан газраа орж өөртөө таарах таарахгүй бүтээгдэхүүнээр үйлчлүүлж гоо сайхнаараа хохирч байна. Жишээ нь бүсгүйчүүд хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хугацаа нь хүчинтэй эсэхийг мэдэхгүй хими, будгаар будуулснаас үс нь халцарч хугарах тохиолдол их  гардаг. Яг ийм асуудалтай хүмүүст зориулж бид цагаан гаагаар үс ургуулах үйлчилгээ оруулж ирсэн байгаа. Хэдийгээр 21 дүгээр зуун гарч монголчууд суурин амьдралд шилжиж хотын соёл бий болсон ч хүмүүс үс, арьс арчилгааны талаар мэдээлэл дутмаг л байна. Ихэнх хүмүүс  үсээ яаж угаахыг мэддэггүй.Тэрнээсээ болоод гэнэт өөрийгөө анзаартал үс нь хагтаж, хугарамтгай болчихсон, бас  нүүр нь хуурайшчихсан, үрчлээтчихсэн байдаг. Үнэхээр ажил ихтэй хүмүүс тэр болгон үүнд цаг зав гаргах хэцүү. Тиймээс бид салонд орж ирсэн хүмүүстэй аль болох зөвлөгөө сайн өгч тухайн хүнд яг юу хэрэгтэй байгааг анзаарч үйлчилгээ үзүүлдэг.

 

-Сонирхолтой л юм. Тэгвэл үсээ яаж угаах вэ. Зөвлөгөө өгөөч?

 

-Хүмүүс үнэтэй шампунийг л  сайн гээд авч  хэрэглэдэг. Гэтэл хамгийн чухал нь угаалт байдаг. Ихэнх хүмүүс үсээ норгоод шампуниараа хөөсрүүлээд  л усаар зайлчихдаг. Ангиржуулагчаа  ч мөн адил үсэндээ дөнгөж хүргээд л усаар зайлчихдаг. Ингэж дутуу угаах нь үсийг хамгийн ихээр гэмтээдэг. Харин шампунаа 5-10 минут толгойдоо хөөсрүүлээд массажилж  угаах юм бол хуйхны эд эс сэргэж тослогжилт, хуурайшилт  алга болдог. Манайх ингэж угаадаг.

 

-Цагаан гааны тусламжтай үс ургуулах  эмчилгээ их анхаарал татаж байна л даа. Ийм асуудалтай хүмүүс олон байдаг.  Үр дүн нь хэр хурдан мэдрэгдэх вэ?

 

-Хүнсэнд хэрэглэдэг цагаан гааг энэ эмчилгээнд ашигладаг. Цагаан гаа нь хүний цусны хаван хөөж, яадаргаа тайлах, хөгшрөлтийн эсрэг зэрэг олон төрлийн үйлчилгээтэй ид шидтэй хүнс. Цагаан гааны орцтой үс арчилгааны бүтээгдэхүүнээ бид Тайваниас оруулж ирдэг. Үс арчилгааны зориулалтын энэ бүтээгдэхүүнээр  3 өдөр дараалаад эмчилгээ хийхэд л   үр дүн нь  шууд харагдаж,  уналт шууд зогсчиходог. Хими будагны хорноос болоод үсний   ургалтын эс  зогсчихдог. Үсний уг хуйханд   цагаан гааны хольцтой бүтээгдэхүүнээр  массаж хийхэд үхсэн  эд, эс  булчирхайг төлжүүлж өгдөг. Халзарсан толгойтой хүмүүс энэ маягаар асуудлаа шийдсэн тохиолдол олон бий. Одоо хүмүүс залуугаасаа цагаан үстэй болж байна. Тэгвэл цагаан гааны тусламжтайгаар цагаан үснээсээ салж болдог.

 

-Нэгэнт халмиггтай болчихлоо. Дараа нь буруу арчилснаар болоод буцаж унана гэсэн ойлголт байх уу?

 

-Тийм зүйл байхгүй. Ургасан  л бол ургасан. Ер нь хүн нас ахиад ирэхээрээ биенд нь хөгшрөлт явагдддаг. Энэ үедээ дотроосоо амин дэм,  витамин  ууж хэрэглэж эд эсээ хамгаалж байха ёстой. Цагаан гааны эмчилгээ хийхдээ бид хуйханд үхрийн эврээр гуаша  хийдэг.  Үхрийн эврээр гуаша хийснээр цусны эргэлт сайжирч, эд эс сэргэхээс гадна ядаргааг тайлж өгдөг. Оффисийн ажилтай компьютертэй өдөр тутам харьцдаг хүмүүст энэ эмчилгээ зайлшгүй хэрэгтэй. Цагаан гааны эмчилгээг хятад, тайвань, хонгконгод түгээмэл хэрэглэдэг.

 

-Арьс арчилгаа гоо сайхны хувьд ямар шинэ содон  арчилгаа байна?

 

-Хүмүүс нүүрээ хамгаалж тос, энгэсэг хэрэглэж байгаа нь муу зүйл биш. Хамгийн гол нь нүүрээ цэвэрлэхдээ бас л дутуу дулимаг цэвэрлээд байна уу даа гэж боддог.  Хүний нүүрний арьс  яг л ам,  хамартай ижилхэн  амьсгалж байх ёстой. Бид нар хамгаалж  байна гээд олон юм түрхчихдэг нь  маск зүүсэнтэй л адил. Амандаа маск зүүчихээр бүхчимддэгтэй адилхан энгэсэг түрхэхээр арьс  дутуу амьсгалснаас болж нүхжилт,  нөсөө, толбо, үрчлээс  бий болдог. Мөн сэвхтдэг. Нүүрний арьсанд тулгарч буй энэ бүх бэрхшээл мөн ялгаагүй дутуу, буруу угааж цэвэрлэж байгаатай холбоотой. Эдгээр асуудлыг манай салон шийдэж чадна. Манай салон зориулалтын нүүрний шингэн савангаар  арьсанд гүн цэвэрлэгээ хийж, хүчил төрөгчөөр  амьсгалуулж өгнө. Ингэснээр арьстолигор, гөлгөр  болж яг л  унаган төрхөндөө ордог. Энэхүү  цэвэрлэгч саванг  мөн л Тайванаас оруулж ирдэг. Мэдээж энэ бүтээгдэхүүний гуашатай хослуулж хийнэ.

 

          -Гуаша гэж хүмүүс их ярих болж. Энэ ер нь ямар ид шитдэй үйлчилгээ байна?

 

-Гуаша бол  ядаргаа тайлахаас гадна арьсыг гоё болдог. Үхрийн эврээр байнга татаад байхаар хөгшрөлт явагдахаа больчихдог. Энэ эмчилгээнд 3 хоног дараалаад ороход үр дүн харагдана. Сардаа 3 өдрийг энэ эмчилгээнд зориулаад байхад арьс хөгширч  үрчлээтэхгүй. Залуу чигээрээ хадгалагдана.

 

-Ахимаг насны нэгэнт нүүр нь үрчлээтчихсэн хүмүүст энэ эмчилгээ үр дүнгээ өгөх үү. Мэс заслаар үрчлээгээ татуулаад байгаа шүү дээ?

 

-Ямар ч байсан одоогийн байгаагаас эрс  өөр болдог. Энэ  бүтээгдэхүүнээ тууштай хэрэглээд явах юм бол мэс засал шаардлагагүй л байх. Жишээ нь уруул хуурайшаад арьс нь хуулраад байгаа үед Тайванийн энэ савангаар 20 орчим минут тасралтгүй угаагаад байхад аяндаа цаанаас нь шинэ зөөлөн   арьс төлжөөд гараад ирдэг. Энэ маягаар нөсөө, толбо, батга алга болдгоороо энэ бүтээгдэхүүн  сонирхол татдаг.

 

-Таарахгүй хүн байх уу?

 

-100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн учраас таарахгүй хүн гэж байхгүй.

 

-Шинэ жил хаяанд ирлээ. Баярын хямдрал срюприз байгаа болов уу?

 

-Шинэ жилийн баяраар бүсгүйчүүд өөртөө зохисон дахин давдагдашгүй үс засалтыг хүсдэг. Би өөрөө мэргэжлийн  үсчин учраас  үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр өөрт нь тохирсон үсний  загвар гаргаад засдаг. Хүмүүс 100 хувь өөрчлөгдөөд л гардаг даа. Баярын үеэр байнгын үйлчлүүлэгчдээ хямдралтай үйлчилдэг. Манайх жилдээ нэг өдөр үнэгүй үс засах үйлчилгээ явуулдаг. Тухайн үед нь зар тараагаад, хүмүүс шуураад орж ирдэг.

 

-Танай салоны өрөөний зохион байгуулалт ямар вэ. Орчин үед хүмүүс ганцаарчилсан VIP өрөөнд үйлчлүүлэх сонирхол нэмэгдэж байгаа?

 

-Хүмүүсийн хүссэнээр л үйлчилнэ. Үйлчлүүлэгч хүсэх юм бол тухайн хүн ганцаарчилсан өрөө гаргаад үйлчилдэг.

 

-Гоо сайхан, үс засалтаас гадна тураах үйлчилгээ байгаа юу?

 

-Тураах аппарат байгаа. Эрүүл, гоё сайхан, гоолиг байхын тулд  орой 6 цагаас хойш махан хоол битгий ид, пиво битгий уу гэх мэтчилэн үйлчлүүлэгчдэдээ байнга зөвлөгөө өгч ажилладаг.

 

-Та хоёр яагаад заавал  ар монголд ирж ажиллах болов. Энд байх ямар нэгэн шалтгаан байгаа л байх?

 

-Би нутагтаа олон жил үсчин хийсэн.Тохиолдлоор  монголд ирж ажиллаад таалагдаад энд ажилласан. Миний араас дүү маань  ирсэн л дээ. Хэдийгээр хүний төрсөн нутаг сайхан ч гэлээ бид энд их  дасчихсан. Жилдээ 1-2 удаа л  гэр орондоо харьдаг. Гэхдээ бүх найз нөхөд маань энд, ажил энд болохоор яараад л ирдэг болсон байна.

 

-Залуу хүмүүсийн хувьд цаашдын мөрөөдлөөс тань хуваалцмаар байна. Энд бүх насаараа ажиллахгүй нь тодорхой хэзээ нэгэн цагт буцах л байх?

 

-Тийм холын юм бодоогүй байна. Хамгийн гол нь би мэргэжлээ дээшлүүлээд монголчуудад үс, арьс  арчилгааг зааж өгмөөр байна. Энд амьдарч байгаа хугацаандаа биднийг зориод орж ирсэн хүмүүсийг яаж гоё болгохов гэж л  бодож байна. Хүнийг  өөртөө итгэлтэй гоё болохыг харах сайхан байдаг.

 

-Улаанбаатарт хаана амьдарч байна. Байр, орон сууж худалдаж авч амжив уу?

 

-Байр аваагүй. Түрээсийн байранд амьдардаг. Байрны түрээс, ажилчдын цалин гээд биднээс гарах зардал өндөр байдаг.

 

-20 хүнийг ажлын байраар хангана гэдэг  амаргүй л байх. Ер нь тулгарч буй бэрхшээл юу байна?

 

-Янз бүрийн зүйл тохиолддог л юм. Тухайлбал, үс засалт үйлчилгээ зарим хүнд таалагдаж байхад зарим хүнд таалагдахгүй, хэл ам хэрүүл үүсгэнэ. Гэхдээ тэр болгоныг өлгөж аваад уурлж бухимддаггүй. Яахав дээр  ажил хийж байгаа хүнд энэ зэргийн бэрхшээл тулгарна гэж аль болох тайван хүлээж авдаг. Асуудал байхгүй бол амьдрал биш болно биз дээ. Өнгөрсөн жил нэг асуудал тулгарсан. Нэг үйлчлүүлэгч маань үсээ будуулж цайруулах үйлчилгээ хийлгээд  тэр нь таалагдахгүй байна гээд биднийг шүүх цагдаад өгсөн. Дөвийлгөхөөр асуудал биш байсан ч тэр үйлчлүүлэгч өөрөө хууль, шүүхийн хүн байсан учраас гадны хүмүүст ингэж хандаж болно гэж нэлээд дээрэнгүй харьцсан.  Бидний асуудлыг гадаадын хүн гэж хойш тавилгүй хүндрэл чирэгдэлгүй шийдэж  өгсөн хууль хяналтын байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Аав, ээж, ах дүү нар тань  хаана амьдарч байна. Ар гэртээ дэмжлэг үзүүлдэг л байх?

 

-Манай ээж байдаг. Ээж маань нутагтаа  амьдарч байна. Мэдээж хэрэг хүүхдүүд нь л юм чинь бүх юмыг зохицуулж өгдөг.  Ээж маань  миний хоёр охин эрүүл байгаарай, эрүүл байвал хаана ч амьдарсан яахав гэдэг. Бид эхээс  тавуулаа. Хоёр ах нутагтаа байгаа. Нэг дүү  маань Бээжинд уул уурайн сургууль төгсөөд одоо  монголд ажиллаж байгаа.

 

-Амралтын өдөр юу хийдэг вэ. Чөлөөт цаг гарна биз дээ?

 

-Манай ажилтнууд  л амарна. Бид хоёр амардаггүй. Бие өвдөөд  бүр болохгүй бол гэртээ ганц өдөр унтаж амарна.  Улаанбаатарт хаана юу байдгийг тэр бүр мэддэггүй. Зав чөлөө гарвал сардаа нэг гадагшаа явж ихэвчлэн тайвань, хонгконгт очиж шинэ содон үйлчилгээ судалж ирж салондоо нэвтрүүлдэг. Өнөөдөр энэ хүний нүүрийг,  үсийг яаж гоё болгох вэ гэдэг л  миний хобби. Хэн нэгнийг гоё царайтай, инээмсэглээд гарахыг харах л хамгийн  аз жаргал байдаг.  Би бас их шүтлэгтэй хүн. Тиймээс цалин буусны маргааш цаг зав гарвал ганданд очиж ном уншуулж, мөргөл үйлддэг.