Г.Эрдэнэтунгалагийн эрч хүч


Дуучин Г.Эрдэнэтунгалаг бие даасан тоглолтоо хийхээр зар түгээж эхэлжээ. Дуучин Т.Батсайхантай хамтран дуулсан “Ханьсахын жаргал” дуугаар олонд танигдсан тэрээр шинэ тоглолтдоо зориулж өөрийгөө бүрэн бэлтгэжээ. “UB Palace”-ын концертын их танхимд болох “Best of Erdenetungalag” тоглолт арванхоёрдугаар сарын 1-нд ганцхан өдөр болох аж. 

Махлаг төрхөө гээж, фитнессээр хичээллэн, арваад килограмм жин хаясан түүний зарим зургууд цахим сайтуудад тавигдаж, хэдийнэ анхаарал татаж эхэлжээ. Нийтийн дуучид дундаа хамгийн чадалтай хоолойтой нь хэмээн үнэлэгддэг Г.Эрдэнэтунгалаг энэ удаа сонгодог урлаг, поп уран бүтээл гээд жинхэнэ өөрийгөө илэрхийлэх, чадал чансаагаа харуулах бүтээлийг тоглолтдоо тавина гэдгээ нэгэн ярилцлагадаа онцолсон байна.