Н.Номтойбаяр “Алалцвал алалцья. Май чи, энэ хутгыг ав” хэмээн хоол идэж байсан хутгаа барин дайрчээ. Хэргийн нотлох баримтаар рестораны камерын бичлэгийг хурааж авсан байна-
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бусад руу хутга барин дайрч, бие хамгаалагчаа гэмтээсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Өнгөрөгч лхагва гаригийн орой 23.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон энэ хэргийн талаар Н.Номтойбаяр гишүүн өөрөө “Би хутгалаагүй. Харин над руу н.Нямдорж гэдэг хүн хутга барьж дайрч, бие хамгаалагч маань өмнүүр орон гэдсэндээ хутгалуулсан” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийсэн билээ.
Гэвч Н.Номтойбаяр гишүүний мэдээлэл хийсний маргааш буюу баасан гаригт Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл хийж, Н.Номтойбаяр гишүүнд Эрүүгийн хуулийн 181.3 буюу “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Уг хэрэг гарсны маргааш “Le Triskell” рестораны ажилтнууд “Манайд хэрэг гараагүй. Тэд тооцоогоо хийгээд зүв зүгээр гарсан. Харин гадаа гарсан хойноо муудалцсан байж магадгүй” гэж ярьсан.

Гэтэл эх сурвалжийн мэдээлснээр Н.Номтойбаяр гишүүний хутга барин танхайрсан хэрэг уг ресторан дотор болсон байна. Хэрэг гарах үед уг ресторонд Н.Номтойбаяр гишүүн, “Мунзуй” хочит н.Нямдорж нар хамт хоол идэж байгаад муудалцаж, Н.Номтойбаяр нь “Алалцвал алалцья. Май чи, энэ хутгыг ав” хэмээн хоол идэж байсан хутгаа шүүрч, Нямдорж руу дайрчээ. Энэ үед бие хамгаалагч н.Баттулга түүнийг саатуулахаар урдуур нь орж, гэдсэндээ хутгалуулсан. Хутганы үзүүр түүний гэдсэн тус газар 2-3 см гүн орсон ч азаар дотор эрхтэнд гэмтэл учруулаагүй байна.
Энэ хэргийн мэдээлэл тэр шөнөдөө цагдаагийн байгууллагад хүрчээ. Н.Номтойбаярын бие хамгаалагч байсан гэх н.Баттулга ”УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намайг хутгалчихлаа” хэмээн цагдаад очжээ. Тухайн үед Н.Номтойбаяр гишүүн өөрөө олдоогүй. Харин маргааш нь уг мэдээлэл интернэтээр цацагдсаны дараа Н.Номтойбаяр гишүүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудаж мэдүүлэг авсан аж.
Цагдаагийнхан уг хэргийн нотлох баримт болгож хүн хутгалсан хутга болон хохирогчийн өмсч явсан цустай цамц, рестораны дотор болон гаднах хяналтын камерт бичигдсэн бичлэг зэргийг хурааж авсан байна. Харин н.Баттулгын хувьд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тул гадуур байгаа бололтой. Цагдаагийнхан “Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, биеийн байдал хэвийн байгаа” гэдгийг хэлж байгаа.
Харин нэр дурьдагдсан “Мунзуй” хочит н.Нямдорж өмнө нь “Центрпоинт”-ийн гэх дуулиант хэрэгт холбогдож байсан нөхдийн нэг бөгөөд Ц.Нямтайширын “МАК” компани болон Н.Номтойбаяр нартай нэлээд ойр ажилладаг нэгэн гэнэ. Н.Нямдорж ч гэсэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Номтойбаяртай багаасаа танил байсан, бүр хаана ямар хэрэг хийж байсныг ч гэрчилж чадна гэсэн үг унагажээ.
Үүгээр Н.Номтойбаяр хүн хутгалсан, үгүй гэх маргаан эцэслэж байгаа бололтой. Харин түүний үйлдсэн энэ хэрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл болох уу? Үүнийг хуулийнхан шийднэ.
Нэгэнт хохирогч өөрөө гомдол гаргаад цагдаагийн байгууллагад хандсан, уг гомдлынх нь мөрөөр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тул Н.Номтойбаяр гишүүн ял авах нь зайлшгүй. Учир нь нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэгдсэн л бол хохирогчтой тохиролцсон, хохирогч нь “гомдолгүй“ гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгодог хуулийн санкц өөрчлөгдөөд байгаа. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгохгүй ч гэлээ хохирогчтой тохиролцсоноор хэргийн зүйлчлэлийг өөрчилж болох талтай. Одоо эрүүгийн хэрэг үүсгээд байгаа 181.3 буюу “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан” гэх зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 99-өөр /”бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” буюу хөнгөн гэмт хэрэг/ зүйлчилбэл Н.Номтойбаяр гишүүн ялгүй өнгөрч ч болох магадлалтай юм байна. Нөгөө талаас Н.Номтойбаяр гишүүн уг хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул “согтуугаар гэмт хэрэгт үйлдсэн” гэдэг нь хэргийг хүндрүүлэн үзэх шалтгаан ч болж болзошгүй. Тэгвэл ирэх намрын чуулган эхэлмэгц түүний бүрэн эрхийн асуудлыг ярихад хүрнэ. Өөрөөр хэлбэл, уг хэргийн эцсийн шийдвэр хуулийнхны гарт байна.