Хэн нь дэлхийн аваргад явах вэ?


-У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар өнөөдөр халз тулалдана. Ялагч нь ирэх сард болох ДАШТ-д эх орноо төлөөлнө-


Казахстаны Алматы хотноо ирэх аравдугаар сарын эхээр боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох Монголын баг тамирчид урьдчилсан байдлаар тодорсон. Харин 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын хэн нь явахыг шийдэх халз тулаан өнөөдөр болох гэж байна. Эрдэнэт хотод болох уг тэмцээнийг Монголын боксын холбооноос томилсон шүүгчид шүүж, иргэдэд нээлттэй байлгах үүднээс “Эх орон” телевизээр шууд дамжуулах ажээ. Уг тулаан 16.00 цагаас эхлэх юм. Боксын шигшээ багийн тамирчид өдгөө дэлхийн аваргын өмнөх эрчимжсэн бэлтгэлд гараад байгаа юм. У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын ялсан нь Алматыгийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх боломжтой болно. Үүнээс гадна 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Энхдэлгэр өрсөлдөх эсэх нь тодорхой бус байгаа юм. Учир нь, AIBA-гийн шинэ дүрмээр ДАШТ-д 19-өөс дээш насныхан өрсөлдөх болсон. Харин манай тамирчны хувьд 18 настай учраас тэмцээнийг өнжиж магадгүй байна. Энэ талаархи эцсийн шийдвэр У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын сорил тэмцээний дараа гарах аж.