Сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношилжээ

Admin
6 цаг 6 минутын өмнө

Биеийнхээ бүх нүх сүвээр бурхан төрүүлж, бөөлждөг гэх Хөвсгөл аймгийн харьяат В.Мөнгөнчимэг хэмээх 21 настай бүсгүй энэ оны эхээр ёстой л хэвлэлийн баатар болсон. Энэ тухай мэдээлэл цацагдсан даруйд гар утас, мөнгө, шоколад, мөнгөн аяга, iPad, тоглоом гээд хүссэн зүйлээрээ “бөөлжигсөд” олон нийтийн сүлжээгээр нэг “мэндэлсэн”. Хэргийн эзэн болсон В.Мөнгөнчимэг бүсгүй “төрүүлсэн” бурхдаа гэрийнхээ ойролцоох шашны дэлгүүрээс худалдан авдаг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, улмаар түүнд бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсээс өнгөрсөн тавдугаар сард В.Мөнгөнчимэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлсэн. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах эсвэл гурав хүртэлх сараар баривчлах ялаар шийтгэх хуулийн заалттай аж.


Тэгвэл, энэ хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын байгууллагад хянаж, хэргийг хэрэгсэхгүй болгон хаах шийдвэр гаргажээ. Учир нь В.Мөнгөнчимэг нь сэтгэцийн өөрчлөлттэй, өөрөөр хэлбэл, хэрэг хүлээх чадваргүй болохыг эмнэлгийн байгууллага нотолсон байна. Сэтгэцийн өөрчлөлттэй бүсгүйн энэ үйлдлийг дэвэргэж, “Энэ үйл явдлыг нүдээр харсан” хэмээн олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч, “Миний охин бурхан төрүүлдэг” гэхчилэн ярьж суусан түүний аав, гэр бүлийнхэнд ч мөн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэнэ. Учир нь  тэд ч гэсэн В.Мөнгөнчимэг бүсгүйд хууртаж, “хохирогсод” ажээ.