16 настай хүүг гурван жил амбаарт хорьжээ


Гурван жилийн турш талийгаач ахынхаа хүүг амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан гэх санаанд багтаж, ойнд буумгүй хэрэг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт илчлэгдлээ. 16 настай хүүг гурван жилийн турш хорьж, тарчлаасан үнэн түүх даанч элэг эмтлэм.

Хэдэн жилийн өмнө хүүгийн аав ээж нь салж, бага охиныг ээжид нь, хүүг аавд нь асран хамгаалуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байж. Гэтэл эцэг нь өвчний улмаас хорвоог орхиж, хүү харж хандах хүнгүй орь ганц болсон байна. Асран хамгаалах эцэг, эх нь нас барсан хүүхдийн асран хамгаалагчийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга тогтоох тухай хуулийн заалт бий. Хүүхдийн төлөө үндэсний төвөөс өгсөн мэдээллээр Л.Цэрэнжав 13 настай хүүг талийгаач аавынх нь төрсөн дүүд даатган, асран хамгаалах эрхийг нь шилжүүлсэн гэнэ. Засаг дарга ийн шийдвэр гаргасан бол өнчирч хоцорсон хүүхэд эсэн мэнд, эрүүл саруул өсч торниж буй эсэх, цаашлаад сурч боловсрох гээд наад захын эрхээ эдэлж буй эсэхтэй жилдээ ядаж нэг удаа танилцаж байх үүрэгтэй аж. Гэтэл Л.Цэрэнжав гэгч нь энэ үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэлж байна. 


Хүүгийн аав нас барсны дараа аймгийн Засаг дарга талийгаачийн төрсөн дүү бүсгүйд хүүгийн асран хамгаалах эрхийг шилжүүлжээ. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ өөрийнхөө дүү эмэгтэйд шилжүүлсэн байна. Ингэхдээ хэн нэгэнд мэдэгдээгүй, хууль хяналтын байгууллагад хандаагүй, товчхондоо бол дур мэдэн хууль бусаар өөрөөсөө түлхсэн нь насанд хүрээгүй хүүг дарангуйлах, яргалах нөхцөл бүрдсэн гэж болно. Бүтэн гурван жилийн хугацаанд Засаг дарга нь нэг ч удаа эргэж очоогүй, хүүгийн хувь заяа хэрхсэн эсэхийг тэнгэрт даатгаад орхисон нь ч энэ эмгэнэлтэй хэрэг гарах бас нэг шалтгаан байлтай. Тэрбээр хүүг эргэж очих нь байтугай, хэний асрамжинд байгааг ч мэдэхгүй гэдгээ өөрөө хэлсэн юм. Хэргийн талаар Л.Цэрэнжаваас тодруулахад “Төрсөн ахынхаа хүүхдийг хорьсон хэрэг гарсныг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Миний хувьд асран хамгаалах эрх шилжүүлсэн зүйл байхгүй. Ахыгаа нас барсны дараа дүү нар нь хүүхдийг нь асран хамгаалсан байх” гэлээ. 

Талийгаачийн хоёр дүү нь хоёул багш мэргэжилтэй, аймагтаа багш, нийгмийн ажилтнаар ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэх. Асран хамгаалах эрхийг хууль бусаар олж авсан гэгдэж буй бага дүү нь Хөвсгөл аймгийн III дунд сургуулийн багш ажилтай гэнэ. Тэрбээр гурван жилийн турш хүүг амбаарт хорьж, хоолны үлдэгдэл, шавхруугаар тэжээдэг байж. Дээд боловсролтой, дээр нь хүүхдүүдтэй харьцдаг багш хүн байтал төрөл садан, ойр дотны хүнээ харин нохойноос дорд үзэж, тарчлааж байсан гэхэд итгэмгүй. Уг нь хамаатан садан, айл саахалтынхан нь энэ тухай гадарладаг байсан ч нэг нэгнээ андахгүй жижиг газар тул элдэв ярианаас эмээж, тэгсгээд өнгөрдөг байсан гэнэ.

Багш бүсгүй хүүг дулааны цагт модон амбаарт хорьж, хүйтний улиралд гэрийнхээ үүдэнд хорьдог байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн зун хүүд долоо хоногийн турш ямар ч хоол өгөөгүй, өлсөхийн эрхэнд хүү амбаарын жижиг нүхийг малтсаар цоорхой гарган оргож, хөрш айлаас боорцог гуйж идэж байгаад баригдсанаа мэдүүлгийн явцад хэлжээ. Зугтах оролдлого хийж, айлаас боорцог гуйж идсэнийхээ төлөө хүү амбаарт гавлуулахдаа хүрсэн байна. 

Харахын эцэсгүй болтлоо турж, зодуулсан янзтай боорцог гуйж орж ирэхэд нь хөрш айлынхан нь сэжиглэж эхэлсэн ч дөнгөж саяхан л цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгджээ. Цагдаагийн ажилтнууд бүсгүйн гэрт ирж, хүүг амбаараас гаргахад биеэрээ дүүрэн шарх, сорвитой, байнгын зодуур, дарамтад байсан нь илт тодорхой байсан байна. Ингээд хэрэгт холбоотой мэдээллийг цуглуулж, холбогдох хүмүүсээс байцаалт авч эхэлжээ. Хүүгийн эх нь нийслэлд амьдардаг, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүтэйгээ холбогдох гэж нэг бус удаа оролдсон ч асран хамгаалагч гэх бүсгүй уулзуулах нь битгий хэл утсаар ч яриулдаггүй байсан гэнэ. Ээж нь хүүгээ эсэн мэнд торниж буйд итгэдэг байж. Харин хэргийн талаар мэдмэгцээ хүүгээ хотод өөр дээрээ авсан байна. 

Өдгөө энэ хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтэн этгээдэд эрүү үүсгэж, гадуур байцааж байгаа аж. 

Асран хамгаалагч гэх нэрийн дор балчир үрсийг тарчлаан зовоож буй энэ мэт хэрэг гарах нь ихэссэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Илчлэгдэж, олны сонорт хүрч, сэрэмжлүүлэг болж буй нь энэ мэт боловч үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл дор хорвоогийн хатуутай “танилцаж” буй бяцхан үрс хэчнээн болохыг таахад бэрх. Хойд үрээ, эсвэл өргөмөл хүүхдээ зовоож, тарчлааж, дарамталж бухимдлаа тайлдаг гаж дур сонирхолтой этгээдүүд ч элбэгшиж буй гэнэ. Хувь хүний араншин, хүн чанар, гаж дур хүслээс гадна нийгмийн сэтгэл зүй тэднийг ийм алхам руу хөтөлж буйд хэн буруутай вэ?


Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна