Хятадад хонины мах нэрийн дор хархны мах зарж байжээ


Манай урд хөршид томоохон дуулиан дэгдээд байна. Ашиг хонжоо хайсан махны худалдаачид хонь, үхрийн мах хэмээн харх, үнэгний мах зарж байсан байна. Одоогоор энэ бохир хэрэгт холбогдуулан 904 хүнийг баривчлан саатуулаад байгаа талаар Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн дагуу “Синхуа” агентлаг мэдээлсэн байна.

Хятадын цагдаагийн газар удаан хугацааны мөрдлөгийн явуад илэрсэн хэд хэдэн гэмт үйлдлийг шалгаж эхлээд байгаа аж. Жишээ нь, Шянси мужид л гэхэд хонины мах нэрийн дор үхэр, харх, усны булганы махыг химийн бодисны тусламжтайгаар хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон худалдаж байсан нь илэрчээ. Хууль бус махны бизнес эрхлэгчид “бүтээгдэхүүнээ” зах дээр гаргаж зардаг байсан аж.

Энэ бизнесээсээ 10 сая юань буюу 1,62 сая доллар олсон гэнэ. Хуурамч махны хэргийг анх энэ оны нэгдүгээр сарын 25-нд илрүүлсэн. Гэмт этгээдүүд махыг химийн бодисоор боловсруулдаг төдийгүй жинг нь нэмэгдүүлэхийн тулд ус цацдаг байсан байна. Түүнчлэн үхсэн амьтдын мах зарж байсан тохиолдол ч илэрчээ.

 

Ийнхүү одоогийн байдлаар энэ хэрэгт нийтдээ 382 эрүүгийн хавтаст хэрэг нээгээд байгаа аж. Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамнаас мэдээлж буйгаар хуурамч махтай хийсэн тэмцэл шаталсан арга хэмжээний зөвхөн эхлэл бөгөөд дараагийн шат нь сүү, сүүн бүтээгдэхүүн байх болно хэмээн мэдэгдсэн байна.