Хохирогч эмэгтэй “Намайг буулгачих л даа” хэмээн уйлж байжээ


Охид, бүсгүйчүүд орой үдэш ганцаар явах нь хэн нэгнийг ангуучилж буй гэмт этгээдүүдэд “аманд орсон шар тос” болдог жишээ олон. Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө болсон нэгэн хэргийг уншигчиддаа сэрэмжлүүлэг болгон хүргэхийг зорилоо.

Тухайн өдөр бямба гаригийн амралтын өдөр байж. “Нарны зам” дагуу хурдлан давхиж байсан автомашинаас нэгэн эмэгтэй үсэрч буй нь замын камерын бичлэг үлджээ. Автомашинаас үсэрсэн бүсгүй нэг газар найзуудтайгаа баяр тэмдэглэн оройтож, улмаар тэднээсээ түрүүлэн харихаар замын таксинд гар өргөн суусан байна.

Бүсгүйг “Наран плаза” орчим гар өргөн зам дээр ганцаар зогсож байхад нь мөнгөлөг өнгийн “Соната-2” машин ирж зогсчээ. Хэдийнэ шөнийн 12 цаг болсон, ойр орчимд хүнгүй эль хульхан байсан тул бушуухан сууж харихыг хүссэн байна. Өмнө нь оройтсон ч таксигаар элдэв асуудалгүй хүргүүлээд харьдаг байсан тул тэр өдөр ч элдэв явдал тохиолдоно гэж толгойд нь орж ирээгүй аж.

Таксинд суунгуут гэрийнхээ хаягийг хэлж өгөөд, ээж рүүгээ утас цохиж, “Охин нь одоо харьж явна” гэж хэлэв үү, үгүй юү таксины жолооч утсыг нь шүүрч аваад, улмаар унтраачихсан байна. Ингээд машинаа улам хурдлуулан гэрийнх нь зүгээс замаа мурийлж давхижээ. Гэнэт охинтойгоо ярьж байтал утас нь тасарсанд ээж нь ихэд санаа зовнисон байна.

Эхэндээ бүсгүй “Зогс, би энд бууя” гэж хэлжээ. Харамсалтай нь таксины жолооч түүний үгийг үл ойшоон, хурд мэдэн давхисаар байж. Хохирогч эмэгтэй маш их айж сандарсан тул “Намайг буулгачих л даа” хэмээн уйлан дахин дахин гуйсан байна. Жолооч юу ч хэлэхгүй давхиад байхаар нь юу л болвол болог хэмээн бодож, хаалгыг нь онгойлгож үсэрчээ. Азаар тэрээр бэртэж гэмтээгүй байна.

 

Дөнгөж 22 орчим настай хохирогч бүсгүйн сэтгэл санаа өнөөдрийг хүртэл хүнд цохилтод орсон хэвээр байгаа аж. Харин жолооч үхчихлээ гэж бодсон уу, машины хурдаа хасалгүйгээр тавхин одсон байна. Бүсгүй хэсэгтээ “шок”-нд орж, азаар нэгэн машинд дайгдан учир явдлаа тоочин гэртээ хүргүүлсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн таксины жолоочийг камерын бичлэгүүд, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хайж эхэлжээ. Мөн бүсгүйг авч зугтахыг оролдсон этгээд 25-35 насны эрэгтэй байж болзошгүй гэж таамаглаж буй юм байна. Иймд охид, бүсгүйчүүдээ орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй тохиолдолд дуудлагын болон албаны таксид сууж явахыг онцгойлон анхаарууллаа. 

 

Эх сурвалж www.medee.mn