“River town” хотхон хулганаа “дийлэхээ” больжээ


Манайхны аль мөнгөтэй, нэртэй төртэй нь Туул гол, Зайсангийн ойролцоо орон сууцыг сонгох “моод” дэлгэрээд удаж байгаа. Тиймдээ ч сүүлийн тав, зургаан жил Зайсан, Туул голын ойролцоо барилгын ажил зогсоо зайгүй нүдэх болсон. Унаган байгаль, хотын төвийн утаанаас холуур гээд энэ “нутаг”-ийг сонгох хүмүүс цөөнгүй. Харин байгаль орчноо хэрхэн бохирдуулж, сүйтгэж байгааг барилгын компаниуд мэддэггүй бололтой. Тиймдээ ч манай сайтынхан хийсэн ажил, байгалиа хэрхэн сүйтгэж байгаагийн хамгийн тод жишээ болох “Royal house” констракшны “River town” орон сууцын ойр хавийг өөрсдийн дурандаа буулгасан юм. Энэ компани ньТуул голын эрэгт шинэ барилгынхаа хамаг илүүдэл хог хаягдлаа гаргаж хаяж, байранд орсон айлууд нь өдөржин шөнөжин хулгануудтай “байлддаг” ажээ. Орчин үед хулганатай байтугай, ялаа, шумуултай орон сууц ч ховор байх болсон. Гэтэл хог хаягдал, буруу зохион байгуулалтаас болж нэгээс есэн давхрын ханаар нь битүү хулганууд үүрэлсэн аж. Ямар сайндаа л нэг айл өдөрт гурваас дөрвөн хавханд орсон хулганыг гаргаж хаяж байх жишээтэй. Хамгийн гол нь байгальд хортой тоосго, хөөсөнцөр, хуванцар гээд янз бүрийн хог хаягдлаа хаях газар олдохгүй явж явж, Туул голын эрэгт хаяж байгаа юм. Нөгөө сүрхий гадаадын хэллэгтэй “town” хэмээх ганган үгээр чимэглэсэн, дээдсийн зиндааны орон сууцууд нь наад зах нь байгалиа хамгаалж чадахгүй, ойр хавьд нь амьдарч байгаа баячууд нь өдөрт сая саяар нь мөнгө олдог атлаа хог хаягдлынхаа учрыг олж чадахгүй нарийндаа хатсаар л явах уу? “Дотроо паланцаг, гаднаа гяланцаг” гэдэг үг байдаг бол одоо “Дотроо гяланцаг, гаднаа паланцаг” болоод байгаа юм. Хашаагаа давуулаад хаясан хог нь эзэнгүй байгалийн хог болж, хаясан хүмүүс нь ч ичих ч үгүй мэдээгүй дүр эсгэсээр байгаа юм. Энэ мэт хүмүүсийн үйл ажиллагаанаас болж Туул гол жилээс жилд ширгэж, татарсаар байгаа. Тиймдээ ч бид энэ үйлдлийг зогсоох зорилгоор үүнтэй холбоотой мэдээллүүдийг цааш цаашдаа хүргэсээр байх болно.