Олимпийн хошой аварга өлсгөлөн зарлалаа


1996, 2000 оны олимпийн наадмын аварга, алдарт бөх Армен Назарян өлсгөлөн зарлажээ. Тэрээр Олон Улсын Олимпийн Хорооны Гүйцэтгэх хорооноос 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт чөлөөт болон сонгомол бөхийг оруулахгүй байхаар санал дэвшүүлснийг эсэргүүцэн, өлсгөлөн зарлажээ.

 

“Би ОУОХ-ны шийдвэрийн эсрэг өлсгөлөн зарлаж байна. Бөх олимпийн наадам бүрт байсаар ирсэн. Тиймээс хасах нь буруу. Би одооноос эхлэн зөвхөн сироп л уух болно. Мөн надтай хамт Болгарын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч өлсгөлөн зарлана. Өлсгөлөнгөө Гүржийн Тбилиси хотноо гуравдугаар сарын 22-нд болох Европын аварга хүртэл үргэлжлүүлнэ. Миний энэ тэмцэл ОУОХ-ны удирдлагыг шийдвэрээ дахин харж үзэхэд нөлөөлнө гэж найдаж байна. Бөхчүүд ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэж буйгаа дуулгахыг, ойлгуулахыг хичээсээр байгаа. Тухайлбал, Болгарын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч Валентин Йорданов олимпийн алтан медалиасаа хүртэл татгалзсан” хэмээн Назарян мэдэгдсэн байна.

 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Швейцарийн Лозанн хотноо хуралдсан ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс чөлөөт болон сонгомол бөхийг хасах санал гаргасан юм. Гэвч энэ оны есдүгээр сард Аргентины Буэнос-Айрест болох ОУОХ-ы 125 дугаар чуулганаар эцсийн шийдвэрийг гаргах учиртай.

 

Манай улсад зохиогдож буй Дэлхийн цомын тэмцээний үеэр нь бөхчүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, олимпийн бэлгэдэл таван цагаригийг дэвжээн дээр өргөж алхсан юм.