Х.Тэмүүжин, Н.Удвал нарт Хорих ангиас захидал илгээжээ


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа

Миний бие Дамдинсүрэн овогтой Оюунханд нь 1 ойтой хүүгийнхээ хамт амьдарч байхдаа хажуу өрөөнийхээ эмэгтэйтэй ялихгүй зүйлээс болж маргалдан хоорондоо зодолдсон хэргээр Доронд аймгийнхаа Шүүхээс 2010 оны 8-р сарын 24-нд ЭХ-ийн 181-ын 2 гэсэн зүйл ангиар 3 жил 2 сарын хорих ял авч Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ял эдэлж байна. 1 ойтой хоцорсон хүү маань айл дамжин амьдарч одоо 3 нас хүрч байгаа даа! Намайг гэх ах дүү байхгүй болохоор хүүгийнхээ барааг  ч харахгүй өдий хүрлээ. Хүүгээ санаж өөртөө харамссаар чихрийн шижин, сахарын өвчин маань бөөр, зүрх бусад эрхтнүүдэд нөлөөлж өвчинд дарлагдан Хорихын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Ядуу хүний зовлон яасан ч их байдаг юм бэ дээ. Ядуу би хажуу өрөөнийхөө хүнтэй хэрэлдэж маажилдсаны төлөө 3 жил илүү ял авч байхад том дарга хүн улсын өмчийг тэрбум тэрбумаар нь идчихээд, эмнэлэгийн ажилтнуудыг салаавч гарган
 

зодон танхайрчихаад  2 жил 6 сарын ял авдаг, тэгээд албаар өөрөө өөртөө өвчин үүсгээд сайд дарга нарын эмнэлэгт хэвтдэг, тэр хүний ээж, эхнэр, охин нь өөр эхчүүд өрөвдөж хайрлаж өмнөөс нь өлсгөлөн зарладаг. Харин тэгэхэд би яаж өвчнөө эмчлүүлэх вэ? Яаж тэр 100 гаруй мянган төгрөг олж, төлбөртэй шинжилгээ хийлгэх вэ? Өвчнөөр үхчихгүйхэн шиг ялаа бараад энхрий үр дээрээ очиж элгэндээ нэг тэврэх юмсандаа гэж аргаа барж явна даа. Би дарга биш ч гэсэн, иргэн хүн л гэж өөрийгөө боддог. Хоёр сайд минь намайг Энхбаяр даргын хэвтдэг тэр сайд  нарын эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээ хийлгэн эмчилүүлж өгөөч, өлсгөлөн зарласан ээжүүд минь бас намайг болон нялх хүүгийн минь өрөвдөж туслаач..,зарим хүү бид хоёрын төлөө өлсөж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйн энэхүү ил захидлыг илгээж байна. 

Захидал бичсэн Дамдинсүрэн овогтой ялтан Оюунханд

2013.01.18