Уншигч таны харж байгаа охин бол дөрвөн настай Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан охинд нэг л өдөр аймшигт өвчин гэнэт ирж хоёр цагийн дотор нь бие нь мууджээ. 2012 оны 09 сарын 13-ны шөнө бие нь өвдөөд байна гэж шөнө уйлсан охиндоо дуудлага дуудсан ээжийн хэлж байгаагаар хоёр цагийн дотор биеэр нь гэнэт улаан товруу туурч, 103 ирэхэд битүү улаан биетэй болсон байжээ.
Ийнхүү түргэний эмч нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд охиныг аваачихад “хүндэрсэн байна” гэх шалтгаанаар хүлээж аваагүй, үүрийн 06 цаг орчимд Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиход “Цахилгаан менингит” гэсэн онош тавьж хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Халдвартын эмнэлгийн сэхээний тасагт охиныг 10 сарын 05-ныг хүртэл эмч Энхжаргал 19 хоногийн туршид цахилгаан менингитийн эсрэг эмчилгээ хийжээ.

Энэ онош нь анхнаасаа буруу тогтоогдсон байсан бөгөөд цахилгаан менингит биш байна гэж Халдвартын эмнэлгийн бас нэгэн өөр тасагт шилжүүлжээ. Ийнхүү буруу оношилж, буруу эмчилгээ хийсний дараа Халдвартын эмнэлгийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тус эмнэлэгт шилжүүлэх хүсэлт тавьсан ч Эрдэнэцэцэг охиныг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Ингээд эмнэлэг бүрээс л олон хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ажиллаж 10 дугаар сарын 05-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Оргил гэдэг эмч ирж охиныг хүлээн авчээ. Тус эмнэлгийн нуруу, нугасны тасагт шилжин хэвтсэн охин өнөөдрийн байдлаар дөрвөн эмчийн гар дамжин одоо Нарантунгалаг эмчээр эмчлүүлж байна. 2012 оны 09 сарын 17-оос хойш хоёр эмнэлэг дамжин бүтэн таван сар эмчлүүлж байгаа боловч нянгийн үрэвслийн цусанд орсон севсис гэсэн оноштой эмчлүүлж, үр дүн гарахгүй, арьсаар нь биеийг нөхөх хагалгаанд одоогийн байдлаар гурван удаа ороод байгаа аж. Мөн охины өвдөгний тойгийг хайчилж авсан учраас цаашдаа эрүүл боллоо ч хөлтэй үлдэнэ гэсэн баталгаа байхгүй гэж ойлгож болно.

Эмчилгээний явцад хоёр гарын шуунд махан нөхөөс хийсэн ба одоо бөгсөн биеэс доош махан бие нь битүү шархтай, мэдээ алдуулагчтайгаар боолт сольдог ба удахгүй махан нөхөөс хийх хагалгаанд орно, өөр эмчилгээ байхгүй гэж эмч нь хэлж байна. Охины ээж амьдралын хүрэлцээ муутай, аав нь охиноо өвдсөнөөс хойш эхнэр, хүүхдээ хаяж яваад ор сураггүй болжээ. Эрдэнэцэцэг охин эхээс хоёулаа, ээж нь Эрэл тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан ч охиноо сахих болсон тул арга буюу ажлаасаа гарч долоон настай хүү нь өдгөө ах, эгчийнхээрээ хоног төөрүүлж байна. Өрхийн нэг ч төгрөгний орлогогүй болсон тэд өнөөдрийн байдлаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа ч боолтны материал, хэрэгцээтэй эм тариа, эмч нарын борлуулж байгаа гадуур түрхлэгийн тосыг бүгдийг өөрсдөө худалдан авдаг, үнэтэй эм тариа авах боломж байхгүй тул эмч нь хувиасаа шаардлагатай эм тариаг авч хийсэн тохиолдол ч гарсан байна. Хүүхдийн эмчилгээний явц удаашралтай байгаа, цаашид энэ хүүхдийн биеийн байдал эмчлэгдэн сайжирна гэхэд итгэл алдарч байгаа тул эрүүл мэндийн салбарынхан ажилдаа хариуцлагатай хандаасай гэдгийг энэ мэдээллээрээ хүргэж байна.


Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарт дөрвөн настай хүүхдийн өвдсөн шалтгааныг оношлох боломж байхгүй юм гэж үү? Хэрвээ ийм боломж байхгүй, эмнэлгээс эмнэлэг дамжаад байгаа бол эрүүл мэндийн салбар ямар байдлаар уналтад орсон нь шуудхан харагдаж байгаа юм. Б.Эрдэнэцэцэг охин хөл дээрээ босч, тоглодог болно гэж байнга зүүдэлж байгаагаа сэтгүүлч надад уйлан ярилаа. Энэ охин өөрөө хэдий балчир ч амьдрах хүсэл, итгэл дүүрэн байгаа нь түүнийг ийм хүнд хагалгаануудыг даван туулж 150 гаруй хоног хэвтсэнээс нь харж болохоор. Энэ охинд гадны эмнэлгүүдэд хандах нэг найдвар бий. Гэхдээ өрхийн орлогогүй, ээж нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй учир ийнхүү мэргэжлээ ашиглан сэтгүүлч би уншигч таниас энэ охинд тусламжийн гараа сунгаж, нэг хоногийн ч болов тарианых нь мөнгөнд нэмэр болоочээ гэж хүсэх байна. Хандивын данс: Хаан банк-5079047419 Эх сурвалж www.wikimon.mn