Таван эмэгтэй өлсгөлөн зарлана гэв


МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэн даруй суллахыг шаардан тус намын  гишүүд, дэмжигчид буюу таван ээж өнөөдрөөс эхлэн “Монгол эхчүүдийн улс төрийн өлсгөлөн” нэртэй өлсгөлөн зарлах гэж байна. Эдгээр хүмүүсийн нэрсийг дурьдвал, Баянхонгор аймгийн МАХН-ын гишүүдийг төлөөлж  А.Одончимэг, Орхон аймгийн иргэн Г.Шархүү, Т.Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн иргэн Б.Чимгээ, Баянзүрх дүүргийн тус намын төлөөлөл Н.Отгон гэх хүмүүс байгаа аж.

Өлсгөлөн зарлахаар шийдээд байгаа  эдгээр дэмжигчид өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт улс төрийн хугацаагүй өлсгөлөн зарлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Хүйтний улирал ид дундаа орсныг харгалзан үзэж өлсгөлөнг МАХН-ын төв байранд зарласан бөгөөд өлсөгчдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн баядлыг хянах бие бүрэлдэхүүн гаргаж өгөх хүсье” гэжээ.  Одоогоор өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа эдгээр эмэгтэйчүүд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өлсгөлөн зарлахын өмнөх шинжилгээ хийлгэж, эмч нарт биеийн байдлаа хянуулан, ходоод гэдсээ цэвэрлүүлэхээр явсан байгаа аж. Шинжилгээний хариу ойролцоогоор нэг цагийн дараа гарах бололтой.

Түүнчлэн МАХН-ын хоёрдугаар давхарт өлсгөлөн зарлах гэж байгаа ээжүүдийн хамт 13 хүн өнөөдрөөс улс төрийн суулт хийж эхлээд байна. Суулт зарлаад байгаа гишүүн, дэмжигчид “Бид Н.Энхбаяр даргыг цагаатгаж, суллах хүртэл өлсгөлөнгөө үргэлжүүлнэ. Бид үр хүүхэд, ар гэрээ умартан Н.Энхбаярын эрүүл мэндийг хамгаалж, эмчлүүлэх эрхийг нь эдлүүлэх эсвэл суллах зорилго тавьсан. Цаашид суулт зарласан эхчүүд өлсгөлөн зарлах багийнхантай нэгдэх болно” гэв.


Эх сурвалж www.news.mn