“Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн ахлах инженер Д.Лувсандоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг дулаанд холбохыг хотын дарга хориглосон. Та нар энэ шийдвэрийг дэмжихгүй байна гэж дуулсан юм байна?
-Тэднийг дулаанаар бүү ханга гэсэн хотын даргын гаргасан шийдвэрийг манай ажилтнууд баяртайгаар хүлээж авсан. Учир нь бид хотынхоо иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж, ая тухтай амьдруулах боломжийг олгодог ажилтай. Тэр ажилд маань дураараа барилга барьж хулгайгаар дулаан авдаг мөнгөтэй эрхмүүд ихээхэн саад болдог. Сүүлийн жилүүдэд зөвшөөрөлгүй барилгууд олноор босч бид үүргээ биелүүлэхэд хүндрэл үүслээ.
-Орос ах нарын барьж өгсөн дулааны шугам сүлжээг өргөтгөж, өөрчилсөн юм биш үү?
-Улаанбаатар хотын шугам, сүлжээнд сүүлийн 20 гаруй жилийн дотор сүндэрлэсэн барилгажилтын аяыг даахуйц шинэчлэл хийсэн. Гэхдээ орос ах нарын үеийн нүсэр хийцтэй, эзлэхүүн ихтэй тоноглолуудыг халж Дани, Швейд зэрэг европын оронд ашиглаж байгаа ялтсан бойлер, насосуудыг Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд нэвтрүүлсэн. Хоёрдугаар хэлхээний гэж нэрлэсэн бичил хэрэглэгчдийн олон арван систем бий болгосон. Ингэж байж л дулааны шугамын нэвтрүүлэх чадвар сайжирч тэр олон барилгуудад дулаан түгээж чадсан.
ТЭЦ-4-өөс хангагдах хотын төвийн чиглэлд 1000 мм-ийн диаметртэй 5.3 км дулааны шугам сүлжээг ашиглалтад оруулж дулаан нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр энэ мэт олон сайхан ажил хийж ирлээ. Хүмүүс тэр бүр инженерийн шийдэл, нарийн ажлыг ойлгох биш дээ. Энэ бүх ажлын үр дүнгээр манай дарга Д.Бямба-Очир нь 2004 онд Төрийн соёрхол хүртэж байсан. Төр жирийн ажлаа хийгээд явж байгаа хэнд ч хамаагүй ийм нэр хүндтэй шагналыг олгодоггүй болов уу. Бусдаас илүү их хэмжээний ажлыг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн, олон нийтэд ажил албаараа хүлээн зөвшөөрөгдсөн хүний амжилтыг төрөөс ингэж үнэлдэг байх. Манай дарга муу ажилладаг, тааруухан удирдлага юм бол яаж байгууллагаа ашигтай ажиллуулах юм бэ. Манайх 2008 оноос эхлэн ашигтай ажиллаж тэр мөнгө маань хуримтлагдаад өнөөдөр дансандаа дөрвөн тэрбум төгрөгийн ашиг цуглуулсан. Энэ бол сайн удирдлагын ажлын нэг л үзүүлэлт.
- Хотын дарга дураараа нөхдийн барилгад дулаан битгий өг гэж хэлснийг танайхан биелүүлэхгүй хүнд суртал гаргадаг юм биш үү?
-Яалаа гэж дээ. Харин ч хотын дарга хэлсэн, хэлээгүй бид боломжгүй газарт дулаан өгдөггүй байсан. Үүний хариу арга хэмжээ болгож барилгын компаний захирлууд “Биднээс авлига авах гэж байна. Хүнд суртал гаргалаа. Даргыг нь солих ёстой” гэх мэтээр захиалгат нийтлэл зөндөө л бичүүлж ирлээ. Гэлээ гээд бид чаддаг л ажлаа хийнэ, үнэн үгээ хэлнэ. Зарим нь бүр басаж “хэдэн төгрөгийн авлига авах уу” гэж утсаар сүрдүүлж ажил хийхэд хүнд болсон. Тухайлбал, дулааны даралт хүрэхгүй газар, эх үүсвэрээсээ хол, өндөрлөг газарт барилга босгож байна. Тэднийг дулаанаар хангах боломжгүй гэж эртнээс хэлж ирсэн. Эргүүлээд л манай удирдлагууд,инженер техникийн ажилтнуудыг элдвээр хэлж нийгэмд буруу ойлголт төрүүлээд явах улс олон болж.
-Зөвшөөрөлгүй барилгуудыг хаахнуур их босгож байна вэ?
-4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан болон хотын төвд олон барилга зөвшөөрөлгүй баригдчихаад байна. Эздэд нь учрыг хэлж барилгыг нь дулаанд холбох боломжгүй, хүнд байгааг яаж ч тайлбарлаад ойлгохгүй. Тэр хүмүүст зөвхөн мөнгө л сонин байна. Иргэд, хэрэглэгчид дулаан байж чадахуу, хүчин чадал нь хүрэх үү гэдэг талаар сонсохыг ч хүсэхгүй байна. Болохгүй бол хулгайгаар шугамд холбочихно. Мөн эрчим хүчний хууль, нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчин дулааны хамгаалалтын зурвас дээр барилга барих явдал гарч байгаа нь засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг боллоо.
-Танай дарга Д.Бямба-Очир хууль бусаар компаниудыг дулаанаар хангаж мөнгөжөөд байдаг юм биш үү. Таны бодлоор дулааныхан ямархуу улс вэ?
-Даргыг ямар хүн бэ гэдгийг би тодорхойлох нь хаашаа ч юм.Зах зээлийн өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүмүүс нь хувийн бизнес эрхэлж болно шүү дээ Зах зээлийн шилжилтийн хүнд үед ухаан зарж хотыг бүхэлд нь дулаанаар хангаж ирсэн хүнийг тэгж хилсээр гүтгэж болохгүй байх. Түмэн олон мэдэхгүй юм гэхэд хамт олон, мэргэжлийн нөхөд нь ямархуу ажилтай, мэдлэг мэргэжилтэйг нь хэлээд өгөх биз. Хүнд хэцүү үед хотыг бүхэлд нь дулаан алдуулаагүй явж ирсэн нь 1996 оноос ерөнхий инженерээр, 2005 оноос даргаар нь ажиллаж ирсэн Д.Бямба- Очирын үйл ажиллагаатай ихээхэн холбоотой гэж би хувьдаа үздэг. Түүний удирдлага, зарчимч шудрага, өндөр шаардлагатай, зөв менежментийг явуулж, хамт олны нэгдмэл хариуцлага, сахилга баттай байдлыг бий болгож чадсан гэж боддог. Жишээ нь : Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон том ажил бий. Төвлөрсөн дулаанд холбох техникийн шийдэл гаргаж техник зохион байгуулалтын тодорхой тооцоо, горим судлагааны ажлуудыг хийсний үндсэн дээр Ханын материал, Шар хад, Чулуун Овоо , Мамбадацан, ЦЕГ-ын 801 дүгээр анги, Ус-15-ын орон сууцнууд болон Хууль сахиулах их сургууль орчмын халаалтын зуухтай барилга объектуудыг төвийн дулаан хангамжийн сүлжээнд холбож дулааны эрчим хүчээр хэвийн хангаж байна.
Манай даргын сэдсэн, хамт олны хэрэгжүүлсэн ажлыг монголчууд үнэлэхгүй байж болно. Гэтэл хаа байсан Испанийн Мадридад төвтэй олон улсын байгууллагаас манайд 22 дахь удаагийн 2012 оны шалгаруулалтынхаа шилдэг байгууллагын эздэд олгодог шагналыг хүртээсэн. Европын орнуудын дулаан хангамжийн шилдэг тоног, төхөөрөмжийг өргөн нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад энэ нэр хүндтэй шагналыг жил бүр олгодог уламжлалтай юм байна. Манай байгууллага үүгээрээ дэлхий нийт, тэр дундаа европынхноос дутахааргүй тоног, төхөөрөмжөөр дулааны хангамжийн салбарт шинэчлэл хийж, сайжруулсан гэдгээ баталлаа.
-Та ч даргыгаа сүрхий өмөөрөх янзтай. Тийм сүрхий гавьяатай хүн үү?
-Техникийн шинжлэх ухааны докторын зэргийг дулааны чиглэлийн сэдвээр хамгаалсан үндэсний боловсон хүчин, эрдэмтэн хүн шүү дээ. Дандаа алдагдал хүлээж ажилладаг байсан компанийг сүүлийн долоо, найман жил ашигтай ажиллуулж ирсэн хүнийг тэр чигээр нь хараар будах гэсэн улс төрийн сонирхол яваад байна уу гэж бодогдох юм. Энэ бол ажлаа арван хуруу шиг мэддэг инженер хүний гаргах амжилт шүү. Чадвартай инженер болоод л өнөөдөр хотын хаана шугам өргөсгөх вэ, шинээр хаана шугам сольж сайжруулах вэ гэх мэтээр иргэдийн дулаан, асуудалгүй аж төрөхөд энэ хүний оруулсан үүрэг дэндүү их. Би хэдий насаараа энэ салбарт ажилласан мэргэжлийн хүн боловч дарга зөв чиглүүлж тэг, ингэ гэхгүй бол өмнөхөө хийгээд л явдаг мэргэжлийн л ажилтан. Ширээний ард цагаан цамц, зангианд боогдож суудаггүй шүү, манай дарга. Хийх ажлаа хамт олноороо хэлэлцээд зөв, бурууг нь шүүгээд ханцуй шамлаад ордог. Мэргэжлийн хүн өөр юм билээ. Шаардлагатай үед бидэнтэй цуг ингээд үзэх үү, тэгээд хийх үү гээд л манаргана шүү.
-Зарим хэвлэлээр Д.Бямба-Очир даргыг хадны мангаа мэт л муучлах юм. Хамт ажилладаг хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-Байгууллага маань дансандаа дөрвөн тэрбум төгрөгтэй. Тийм муу, муухай хүн ингэж үнэн сэтгэлээсээ ажил хийх үү. Жил бүрийн тайлангаас харахад манай байгууллага ашигтай ажилласан байдаг. Тухайлбал, 2008 онд 604.3, 2009 онд 349.2, 2010 онд 1,354.7, 2011 онд 1,858.7, энэ онд 2,144.2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ оныг 2008 онтой харьцуулахад 3,5 дахин ашигтай ажилласан. Шинийг сэдэж ,эрэлхийлж шинэчлэхийн төлөө явдаг. Санаачлагатай, бас мэдрэмж сайтай. Ямар хүнийг хаана ажиллуулахаа мэдэрдэг, ямар ч сайд, дарга нарт хэлэх үгээ хэлж, асуудлаа ойлгуулж чаддаг шулуухан хүн дээ.
-Хамт олныхоо нийгмийн хамгаалалд хэр анхаардаг бол?
-Манай удирдлага ажилтнууддаа зориулж 90 айлын орон сууц бариулж байна. Удахгүй ашиглалтад оруулна. Ажилтнуудаа байнга эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сувилалд амраана. Гадаадад урт, богино хугацааны сургалтад хамруулж мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлдэг. Үүнээс илүү бид юу хүсэх юм бэ. Ажлаа яс хийдэг, олон түмэнд нэртэй, төртэй эрхмүүдийг зориуд нэр төрийг нь гутаахаар элдвээр гүжирдэн бичүүлж байна. Цаашлаад улсын төлөө ажилласан хүмүүсийг хэлмэгдүүлэн зохиомлоор ялладаг хачин зуршилтай болох гээд байгаа юмуу, манай энэ нийгэм чинь. Хууль бус ажил хийж байгаа компаний эздийг олонд зарлаад байхад л хуулийнхан, дээд дарга нар сохор юм шиг суух юм. Төр маань дүлийрчихсэн юм уу гэж хааяа хардах юм. Монголд сүүлийн үед шинэ цагийн хэлмэгдүүлэлт газар авч байна уу гэж бодогдох боллоо. Дээр нь улс төр гэж айхтар юм бий. Мань мэт, иргэд тэрийг ойлгох биш. Хууль бусаар барилга барьсан компанийн эзэд шүд зуугаад л явдаг. Тэдний хийсэн ажил хэвлэлд мөнгө цацаад л тэр хүнийг газар дор ортол муулуулна. Тийм сүрхий юм бол өөрсдөө ирээд энэ хотыг дулааны асуудалгүй болгож бүтээн байгуулаад өгөөч, чадахгүй л байхгүй юу. Барилгын компанийн эзэд өөрсдөө мөнгөтэй болж байвал хэрэглэгчид нь хамаагүй. Халаалтгүй, өгсүүр, алс газарт дулааны даралт муутайг мэдсээр байж санаатай барилга угсардаг. Тэнд хэн амьдрах нь сонин биш, мөнгө нь л хэрэгтэй.
-Та ажилгүй болчих вий гэхдээ дарга нартаа тал засдаг хүмүүсийн нэг биш биз?
- Та боддоо 2010 оноос аймгийн төвүүдийн дулаан хангамжинд тооцоо тохируулга хийхийн төлөө 9 инженер техникийн баг гарган ажиллуулан ихээхэн үр дүнд хүрсэн Би насаараа мэргэжлээрээ, салбартаа үнэнч явж олон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож ирсэн. Үүгээрээ ч бахархаж, омогшиж амьдардаг жирийн л инженерүүдийн нэг. Бусад эрхмүүд шиг өнгө мөнгөөр гайхуулж, хулгайгаар хөлжиж, үнэтэй машин унадаггүй. Хотын шугам сүлжээ бол миний судас, шөрмөс аятай хайрлаж, хаана болохгүй газарт нь засвар үйлчилгээний ажил гэмтэл согогыг засаж , хүнд нөхцөл байдалд өдөр шөнөгүй ажиллаж ирсэн болохоор ажилдаа хайртай. Олон шөнө нойргүй хоносон доо. Бас энэ сайхан хамт олон, зөв удирддаг дарга нараа муучлах сэтгэл надад алга.
Би 1980 оноос засварчнаар ажлаа эхэлж оруулгын болон горим тохируулгын слесарь хийж байсан. 1990 онд ПДС-ийг үйлдвэр дулаан хангамжийн мэргэжлээр төгсөж ирсэн. 1991 оноос ашиглалтын болон засварын албаны мастер, инженер , техник хяналтын хэлтсийн дарга, ашиглалтын албаны ахлах инженер зэрэг ажлыг хийж ирсэн үнэнийг эрхэмлэдэг ардчилсан үзэлтэй хүн. Би цагийн аясыг харж улс төрждөггүй.
Ажилдаа мэргэшсэн туршлагатай боловсон хүчнээ солиж холих нь хувь хүнээсээ илүү алсдаа нийслэл нийгэм хохирох вий гэж харамсаж байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ