Ядарч явсан О.Магнайн мандах цаг иржээ

Admin
Өчигдөр 12 цаг 30 минут

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шиг ахархан хугацаанд олон түмнийхээ төлөө сайн ажиллаж байгаа хүн одоогийн энэ улс төрчдөөс нэгээхэн ч алга ажээ.

 

Магнай юу хийвээ гэвэл хүн бүрийн өдөр тутмын хэрэглээний сүү, жүүс ундааны хуурмаг үйлдвэрлэлийн нууцыг задалж тэдэнд үнэнчээр ажиллах үүрэг даалгавар өгөөд байна. Жүүс ундаа үйлдвэрлэдэг гэх “Монфрэш”-ийн булайг олонд мэдүүллээ.

Тэд Хятадаас оруулж ирсэн сиропыг найруулан савлаж бидний үйлдвэрлэсэн, цэвэр жүүс хэмээн рекламдаж хэрэглэгчдийг хуурч байж. “Монфрэш”-ийнхэн хуурамч бүтээгдэхүүн гаргаснаараа ард түмний ходоодоор бизнес хийж ашиг орлогоо баяжуулж иржээ. Хэдийгээр тэдний савласан сайжруулсан жүүс хүнсний хэрэглээнд харш биш ч гэлээ олон түмнийг мэхэлж халаасыг хоосолж байсныхаа хувьд захирал Т. Насанхүү хуулийн хариуцлага хүлээх ёстой мэт санагдана.

Байр сав, машин өгнө гэх зэргээр телевизийн нэвтрүүлгийн хамаг цагийг бардаг хэрнээ. Минут, цагийн хэмнэл ашиглан мөнгө саадаг. Түүнийг Магнай дарга алдалгүй харж ярианы хөлсийг минутаар биш, секундээр хэмжихийн үүрэг болгосон. Зөв шүү дээ. Гар утсаар таван секунт холбогдоход л минутын үнэ аваад байдаг. Бас л боловсронгуй луйвар гэж ч болно. Энэ мэтчилэн О.Магнайд хийсэн юм бас хийхээр төлөвлөсөн юм их байгаа аж. Шуудай гэхээсээ илүү тор болсон нүүрсний шуудайн стандарт тогтоох, иргэдийг шулсан үнийн хөөрөгдөл, ашигийн төлөө улайрсан луйварчдын зальхайг илчлэх гээд хэрэглэгч түмний эрх ашигт наалдацтай ажлыг амжуулж байгаа болохоор О.Магнай даргад олон нийт ам сайтай байна. Эрх мэдэлтэй албан тушаалтан бүхэн түүн шиг ажиллаасай гэж хүсч байна. Жаахан Магнайг нэгэн үе гудамжинд тэмцэл хийж явахад хэн хүнгүй чамладаг байлаа. Энэ алдаа байж.

 

Шударга байцгаая гэж хэлж байхыг нь олон сонссон. Тэгвэл өнөөдөр хэлсэндээ хүрч жинхэнэ шударга байгааг нь харж байна. Шударга байя гэж хамгийн олон ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс одоо Магнайгаас жишээ аваасай. Хэлэх хэрэгжүүлэх хоёрын хооронд их зай бий гэдэг. Энэ нь юм хийдэггүй зөвхөн ярьдаг л хүний үг юм байна л даа. Тэгвэл хэлснээ ажил хэрэг болгож чаддаг хүний хувьд тэр зай тун бага аж. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж “Ардын засаг ч гэж юу байлаа” гэдэг шиг ёстой л хаяг төдий унтаа газар байсан шүү дээ. О.Магнай даргалснаас хойш энэ газрын үүд хаалга ч нээгдэж олон түмэнтэйгээ хамгийн ойр байгууллага болоод байна.