Хүн бүхэн өөрийн дотоод ертөнц, үзэл бодолтой. Тиймээс ч өдөр тутмын амьдралд үл ойлгогдох, сонирхон шохоорхох, гайхан эргэцүүлэх олон асуулт хариу нэхэж байдаг. Бид таны хэн нэгнээс асуухыг хүссэн асуултад хариулт авч өгөхөөр “Нэг асуулт, нэг хариулт” булангаа нээсэн билээ. Энэ удаа төгөлдөр хуурч Б.Чинбатын уран бүтээлд Монголын нэртэй хөгжмийн зохиолчид болох төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар ямар “дүн” тавьж суугааг сонирхов.
Б.Шарав: Төгөлдөр хуурч хүн хэр удирдаач байх бол...
-Монголын киноны хөгжим дэлхийд ойртож байгаа юм байна гэсэн бодол “Аравт” цомгийг сонсоод төрсөн. Компьютерийн хөгжим амьд хөгжимтэй найрсдаг болсон нь дэлхийн жишиг болоод байна. Техник технологийн хөгжлийг хөгжимд аваачсан хэлбэр гэх үү дээ. Бидний үед ийм зүйл байсангүй. Монголын хөгжим нэг алхсан алхам.
Удахгүй тоглогдох “Эзлэн” тоглолт үзэгчдийн хувьд ч, мэргэжлийн бидэнд ч сонин сайхан байх болов уу. Компьютер дээр бичсэн хөгжмийг амьд оркестртой тоглохоор сонин шүү дээ. Амьд тоглохоор заримдаа илүү дуугарч, чанартай, чансаатай сонстдог, нөгөө талаар техникээ гүйцэхгүй байж болно. Тиймээс сонин тоглолт болно. Түүнчлэн киноны хөгжмөөр ингэж тоглолт хийж байсан нь үгүй л болов уу. Өөрөө удирдаач хийнэ гэж байгаа. Бас л сонин доо. Бид байтугай Монгол даяар сайн төгөлдөр хуурч гэдгийг нь мэднэ. Гэтэл удирдаач гэдэг чинь тусдаа мэргэжил шүү дээ. Тиймээс Чинбааг хэр удирдаач байх нь вэ гэдгийг харах сонин байх нь гарцаагүй.
Би Б.Чинбатыг үнэлж явдаг. Залуу хөгжмийн зохиолч, ид туурвих насан дээрээ яваа. Түүний хөгжмүүд сэтгэлийн хөөрөл ихтэй надад санагддаг. Хүн нь өөрөө тийм шүү дээ. Тэр нь хөгжимдөө тусгалаа олдог юм болов уу.
Н.Жанцанноров: Ийм авьяастай хүн одоо өөртөө хөгжим бичих хэрэгтэй
-Бидний үеийнхэнд шийдлийн хувьд шинэ зүйл, харин уран чадварын хувьд шинэ зүйл огт биш. Урлагт ч тэр, амьдралд ч тэр өөрийн тархи оюунаар олсон ололтоо аливаа зүйлд тусгал болгох гэж хичээдэг. Хүн төрөлхтөн симфони хөгжмийг сонсолгүй яахав. Үүнээс гадна технологийн ололтоор олсон хөгжмийг нэхэж ч байна, олж нөхөж ч байна. Нийгмийн ололттой хөл нийлүүлэн алхаж байгаагийн хувьд Б.Чинбатын тоглолт чухал. “Аравт” цомог бол нэг л шийдэл нь. Киноны хөгжим дээр тэр ололтыг ашиглах боломжтой, зохино. Киноны хөгжим киноноосоо салгахаар тусдаа юм шиг хэрнээ хавсарга урлаг мөн. Dясалган бодох шаардлага гэхээсээ илүү хүний сэтгэл хөдлөлийн төвшнийг илэрхийлэх зориулалттай.
Дуугаралтыг нь компьютер дээр хийгээд амьд хөгжмөөр тоглоход илүү тусах тал бий. Хүч, цаг хугацаа хэмнэнэ. 108 хөгжимчнөөр өдөр шөнөгүй нүдэх, нэг хүн компьютерээр бичих хоёр эцсийн дүндээ нэг үр дүнд хүрээд байна. Технологийн ололтыг ашиглан гаргаж авсан хөгжимдөө үндэсний сэтгэлгээг шахаж оруулж чадсанаар манай киноны хөгжмийн хувьд ололт болж чадсан.
Б.Чинбат маань гадагшаа дотогшоо явж нэлээд юм үзлээ, сонслоо, багагүй бэрхшээл тууллаа. Нэлээд амжилтад хүрлээ. Хөгжимд арилжааны, урлагийн хоёр чиглэл байдаг. Б.Чинбатынх бол арилжааны юм. Гэхдээ Чинбатад нөгөө талаа анхаарах цаг болжээ гэж хэлж байна. Ийм авьяастай, ийм боловсорсон хүн хааяа нэг өөрөө өөртөө хөгжим бичих хэрэгтэй. Б.Чинбатад ийм давтагдашгүй чанар байгаа.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ