Монгол Улсын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” (Advances and Innovations in Veterinary Science) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Хуралд Монгол Улс, АНУ, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, Тайванийн их сургууль, БНЧУ -ын эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, мал эмнэлгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүн, технологийн дэвшил, инновацын ололтыг танилцуулна. Хурлын хүрээнд 20 гаруй аман болон 20 гаруй ханан илтгэл хэлэлцүүлэхээр ирүүлээд байна.
Хурлаар мал, амьтны халдварт болон халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ, вакцин, урьдчилан сэргийлэлтийн шинэ технологи, хил дамнасан болон зоонозын халдвар, хачгаар дамжих өвчний тандалт, бичил биетний эмэнд тэсвэржилт, малын эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн судалгааны шинэ үр дүнг мал эмнэлгийн практик, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон улсын хамтарсан судалгааг өргөжүүлэх боломжийг тодорхойлох юм.
1961 онд байгуулагдсан Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь өнгөрсөн 65 жилийн хугацаанд малын эрүүл мэндийг хамгаалах, өвчний оношилгоо, сэргийлэлт, эмчилгээний шинжлэх ухааны үндэслэлийг хөгжүүлэх, үндэсний вакцин, оношлуур, эм бэлдмэлийн технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Хүрээлэнгийн хөгжлийн нэгэн чухал тулгуур нь олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа юм. Тухайлбал, Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Эгэл биетэн өвчин судлалын үндэсний төвтэй олон жилийн турш хамтран ажиллаж, өдгөө Японы ЖАЙКА, Японы шинжлэх ухаан технологийн сан JST байгууллагын санхүүжилттэй SATREPS хөтөлбөрийн дөрөв дэх хамтарсан төсөл болох "Адууны нийлүүлгийн өвчнийг устгах судалгаа, хяналтын тогтолцоог хөгжүүлэх" төслийг (2025–2030) хэрэгжүүлж байна. Мөн Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA), АНУ-ын зарим их сургуулиудтай хамтран ажиллаж, судалгааны чадавх, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирсэн.
Энэхүү олон улсын хурал нь хүрээлэнгийн 65 жилийн эрдэм шинжилгээний ололт, туршлагыг нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ судалгааны шинэ чиглэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдын чадавхыг бэхжүүлэх, малын өвчний тандалт, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж боловсруулах ач холбогдолтой юм. Хурлаас гарах санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.
Хурал болох газар: Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн II байр, 4 дүгээр давхрын хурлын танхим, Улаанбаатар хот.
Хурлын хэлбэр: Танхим болон цахим хосолсон.
Зохион байгуулагч: Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
Монгол Улс 1 сая дахь жуулчнаа удахгүй угтана
Бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна
Мал эмнэлэгийн шинжлэх ухааны 65 жилийн ололт, ирээдүйн хөгжлийг олон улсын эрдэмтэд хэлэлцэнэ
Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна