Мэдэгдэл

Moderator
21 минутын өмнө

                                                                                                                        2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар шууд дамжуулалт хийх үеэрээ “Алтай холдинг” ХХК болон “Скай хайпермаркет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшигийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд 20,000,000 (хорин сая) төгрөг тарааж, өөрийг нь огцруулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.

Б.Баттүшиг нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд С.Мөнхчулууныг огцруулахын төлөө санал өгөхөд нь зориулж мөнгө тараагаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж, мөнгө тараасан гэх мэдээллийг эрс няцааж байна.

Засаг даргын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, хариуцлага нэхэх байр суурийг мөнгө тараасан гэх үндэслэлгүй мэдээлэлтэй холбон тайлбарлаж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй хүн олон нийтэд мэдээлэл хүргэхдээ баримтад тулгуурлаж, мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах учиртай.

Мөнгө тараасан гэх дээрх мэдээлэл нь Б.Баттүшигийн нэр төр, алдар хүнд төдийгүй манай компаниудын ажил хэргийн нэр хүнд, харилцагч, хамтран ажиллагчид болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөхүйц агуулгатай байна. Иймд бид уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж, холбогдох баримт, нөхцөл байдлыг шалгуулан, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах хуульд заасан арга хэмжээг авна.

С.Мөнхчулуунаас мөнгө тараасан гэх мэдээллээ залруулж, энэхүү няцаалтыг мэдээлэл анх түгээсэн өөрийн фэйсбүүк хаяг болон холбогдох сувгаар олон нийтэд хүргэх, мөн Б.Баттүшиг болон манай компаниудаас албан ёсоор уучлал хүсэхийг шаардаж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудас, олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд хандан мөнгө тараасан гэх мэдээллийг батлагдсан үйл баримт мэтээр түгээхгүй байх, энэ талаар мэдээлэхдээ манай албан ёсны байр суурь, няцаалтыг хамтад нь хүргэхийг уриалж байна.

“АЛТАЙ ХОЛДИНГ” ХХК

“СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ” ХХК


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.145
    50 минутын өмнө

    Яасан дуртай гөлөг вэ. Сү Батболд эрх йн балай

    Хариулах