Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Moderator
2 цаг 20 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,782 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,524 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 734 хэрэг шинээр нээж, 334 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөрдөнгийн мэдээ ГРАФИК 2026_10_26(1)

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлигын эсрэг 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна.

Авлигын хэргийн талаар

- Р.Н нь Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газрын ... хэлтсийн мэргэжилтнээр ажиллах байхдаа 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхийн үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, улмаар улсын төсөвт буцаан төвлөрүүлбэл зохих 20 хувийн төлбөр болох 23.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ... хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсын байцаагч Б.М-тай бүлэглэн ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хийн хадгалах сав ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж, ахуй нэгжид “А...” ХХК-ийг санал болгосны хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.Ү нь Төрийн өмчит “Д...” ХХК-тай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулахын тулд тус компанийн нэр бүхий удирдах албан тушаалтнуудад нийт 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- “М...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Х нь Төрийн өмчит “Д...” ХХК-тай “Баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээг батлуулж, уг гэрээний дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх зорилгоор  тус компанийн удирдах албан тушаалтанд 40 мянган ам.доллар буюу 135.7 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар

- Д.С нь нэр бүхий эмнэлэгт жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мансууруулах эмийг авч, хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж , Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Л нь 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ метамфетамин (methamphetamine)-ний агууламжтай, 993.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тээшиндээ хийж, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд;

- Н.А, Б.У, Б.Н нар нь бүлэглэн метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдийн хэрэгцээнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан;

- А.Ш нь “speed альфа” гэх хэрэглээний нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

- Э.Д, А.Б нар нь бүлэглэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл дотор каннабинол, каннабидиол, дельта-9 тетрагидроканнабинол,  метамфетамины агууламжтай,  “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

- Т.Т нь 2026 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна