Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа

Moderator
2 цаг 43 минутын өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ! ЭРХҮҮД ЦАР ТАХАЛ ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТУХАЙ

2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар:
- Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна. Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

- Хэрэв тухайн бүс нутагт зорчих үед Таны биеийн байдал эвгүйрэх, эсхүл хэвийн бус болох тохиолдолд байгаа газраа үлдэж, хамгийн ойролцоох эрүүл мэндийн байгууллагад 103 болон 112 дугаарын утсанд дуудлага өгч, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой. 

ЯАРАЛТАЙ ҮЕД ХОЛБОО БАРИХ ТУХАЙ 
- Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудын аль нэгэнтэй дараах шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтой. 

МОСКВА ХОТ
Холбогдох газар: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 
Холбоо барих: +7 495 690 67 92, moscow@mfa.gov.mn
ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48, mongolconsul@gmail.com
КЫЗЫЛ ХОТ
Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар 
+7 3942220430, Kyzyl@mfa.gov.mn
ЭРХҮҮ ХОТ
Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 
+7(395) 2342145, irkutsk@mfa.gov.mn
УЛААН-ҮД ХОТ
Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар 
+7 (3012) 22-04-99, ulan-ude@mfa.gov.mn

ОХУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН ТУХАЙ:
- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Чингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна. 

- Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сараас дээш хугацаатай байх шаардлагатай. 

- ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад Таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтална уу. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Оюутнуудад: ОХУ-д суралцахаар ирж буй иргэд шилжилт хөдөлгөөний хяналтын картад Суралцах буюу Учёба гэсэн тэмдэглэгээг заавал тавиулна. Уг тэмдэглэгээг хийлгээгүй тохиолдолд Монгол руу буцаж, дахин шинээр виз мэдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг анхаарна уу.

Шилжилт хөдөлгөөний хяналтын картаа гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд байгаа газрынхаа ОХУ-ын ДХЯ-ны харьяа орон нутгийн цагдаагийн газарт гурван хоногийн дотор мэдэгдсэнээр уг картыг дахин авах боломжтой.

- ОХУ-д зорчиж буй иргэд 7 хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх шаардлагатай. /Байрлаж буй зочид буудал /хостел/, уригч иргэн, байгууллага зэрэг хүлээн авагч талаар бүртгэлийг хийлгүүлж, холбогдох баримтыг авна/  

- ОХУ-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бүх төрлийн галт зэвсэг, түүний сум, хонгио, тусгай зориулалтын техник хэрэгсэл /тагнах, чагнах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг/, болон түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулах, гаргахыг тус улсын эрүүгийн тухай хуулиар хориглодог. Иймд тус улсын нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг дахин нэг сайтар шалгаж, бусдын эд зүйлсийг өөрийн нэр дээр авч явахгүй байхад анхаарна уу. 

- ОХУ-ын хилээр 10,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх рублийг оруулах /гаргах/, согтууруулах ундаа, тамхи болон бусад хязгаарлалттай барааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн авч явах тохиолдолд гаалийн мэдүүлгийг гаргаж, “улаан коридор”-оор нэвтрэх шаардлагатай.

- Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтны гаралтай мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, ургамал, үр, суулгац, хөрс, шороо зэргийг оросын хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглодог болохыг анхаарна уу. 

- ОХУ, нэн ялангуяа тус улсын хилийн ойролцоох бүс нутагт байрлах тусгай хамгаалалттай газар, ялангуяа цэрэг-техниктэй холбоотой объектын хажуугаар зорчихдоо зогсолт хийхгүй, мөн тухайн бүс нутгийн зураг, дүрс бичлэгийг аливаа нэг хэлбэрээр баримтжуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна