ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Moderator
1 цаг 47 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оросын Холбооны Улсын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим  хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж /2026.09.03/, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж байна. Цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.  Мөн С.Е.Цивилёв сайд Улаанбаатар хотын агаарын  бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгов.

Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учралд илэрхийллээ. 

Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой нийлүүлж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв. 

Талууд Монгол Улсын шатахууны хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны механизмуудыг судлан хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

“ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг, төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ДЦС-3” ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд байгуулах зураг төслийн гэрээний нөхцөл, өртөг, төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэн дэмжиж ирснээ тэмдэглээд, төслийн дараагийн шатны гэрээ хэлэлцээг эрчимжүүлэх, хэрэгжилтийн бодит нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийлэв.

 Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна